Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр “THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга шагналыг гардуулахдаа “Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт олгохоор боллоо. Бид та нараар бахархаж байна, монголчууд та бүхнээр омогшиж байна” хэмээн хэлснээр шагналыг тус хамтлагийн продюссер Б.Дашдондогт гардууллаа.
Дэлхий нийтэд эх орныхоо нэрийг цуурайтуулж буй “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд
үүнд:
- МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
- Ц.Надмидтулга – Менежер
- Брэндон Фрайзен – Менежер
- Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
- Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй
- Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй
- Н.Тэмүүлэн – Товшуур
- Г.Одбаяр – Бөмбөр
- А.Жамбалдорж – Соло гитар
- Б.Батхүү – Басс гитар
- М.Өнөмөнх – Хэнгэрэг
Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. “THE HU” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон төдийгүй богино хугацаанд маш уран бүтээл нь түгэж, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрхийг буй болгосон билээ.
Тус хамтлагийн эхний уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дуу нь “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн нийтэд сонордуулсан юм.
Тэд 2019 оны 6-р сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна.
Мөн тэд Англи улсад болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “The Hu” хамтлаг болсон байна.
Хамтлаг “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.
“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
- 2006 онд Төрийн шагналт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч агсан Б.Шарав,
- 2007, 2008 онд Чингис хаан одонг хүртээгээгүй, тасарсан
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
- .2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр
- 2018 онд Чингис хаан одонг хүртээгээгүй юм.