УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр /2019.11.25/ УИХ-ын дарга Г.Занданшатарт үнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төслийг УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй, тэр дагуу төслийг өргөн мэдүүлсэн гэж тайлбарлаж байгаа юм байна.
Харин ХХААХҮ-ийн сайдыг огцруулах шалтгаанд:
-Малын үнэ ханш унасан нь малчдын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа,
-Махны экспорт дээр квот тогтоодог болсноос үүдэж, авлига бий болгосон.
-Хүнс хөдөө аж ахуйн яамнаас махны экспорт дээр квот тогтоодог болсноос үүдэж, малын үнэ унасан.
-Хятад эзэнтэй голдуу компанид мах экспортлох квот олгодог. Эдгээр компани нь бусад 100 гаруй компанийн махыг гаргахдаа нэг маханд 8 юань буюу 3000 төгрөгийн төлбөр авч экспортолдог. Энэ нь авлигын мөнгөө гаргаж авч байгаа үйлдэл гэсэн санаанууд багтаж буй юм байна.
Өнгөрсөн намар 130 мянган төгрөгийн үнэтэй байсан хонь өнөөдөр 100 мянга, эр хонь 160 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 130 мянган төгрөг болж үнэ нь буурсан. Махны экспортын квот тогтоодог болсон нь мах экспортлогч компанийг ч давхар хүнд байдалд оруулж, өр зээлэнд унагаж байна.
Үүнийг УИХ-ын гишүүнд мэдэж байгаа ч харамсалтай нь, нэг нам гэдгээр хайрцаглан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд хариуцлага тооцож чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Огцруулах суудлыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлийнхэнд хэлсэн байна.