1921-1924 оны хооронд өрнөсөн засаглалын хэлбэр, төрийн байгуулалтын талаарх үзэл бодлын зөрөлдөөн тэмцлийн үр дүн, үр дагаврын шийдэл нь болж БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль мэндэлсэн талаар Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, Д.Өлзийбаатар ярьсан нь бий.
Монгол Улсы анхдугаар үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо зарласан үйл явцад хөрш орнууд хэрхэн хандаж байсан талаар мөн Өдрийн сонины 2019 оны 11 сарын 25-ны даваа гарагийн дугаарт өгсөн ярилцлагандаа ийнхүү дурьдсан байдаг.
Тэрбээр “…урд хөрш эсэргүүцсэн. Монголчууд Үндсэн хуулиа яаравчлан баталсны цаана нэг учир бий.
Энэ нь Хятад, ЗХУ-ын хооронд Монголын талын олон удаагийн хүсэлт шаардлагыг үл хэрэгсэж, 1924 оны тавдугаар сарын 31-нд байгуулсан ЗСБНХУ, Бүгд Найрамдах Хятад улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээрийн тавдугаар зүйлд, ЗСБНХУ нь Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ гэж заасан юм.
Үүнийг эсэргүүцэн манай зүгээс хийсэн улс төрийн нэг акц бол Үндсэн хууль баталсан явдал юм гэж хэлж болно. Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм” гэжээ.
Н.БАТАА