Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) өнөөдөр аялал жуулчлалын салбарт хийсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа.
Шалгалтын явцад Монгол Улсын иргэд гадагшаа аялах үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам онцолсон юм.
Мөн тэрбээр, “Монгол Улсын иргэд аяллын үйлчилгээ авахад эрх нь зөрчигдсөн, хохирол учирсан тохиолдолд хэн арга хэмжээ авч хариуцлага тооцох үйл ажиллагаа сул байна. Мөн энэ салбарт тавигдах хяналтын тогтолцоо нь Мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг ч одоогоор хийгдэж буй ажил болон зөрчлийн хэрэг нээсэн тохиолдол байхгүй.
Мөн өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын тоо хэд гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд маш олон аж ахуйн нэгжид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ.
Магадгүй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй компанийн тоо статистик мэдээллээсээ ч их байхыг үгүйсгэхгүй.
Иймд Аялал жуулчлалын тухай хууль болон аялал жуулчлалын үйл ажиллагаанд хяналт тавих субъектийг тодорхой болон хариуцлагажуулах шаардлагатай. Мөн хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
Бид аялал жуулчлалын салбарын зарим компанид иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн.
Шалгалтын явцад:
- Гадаадад жуулчин илгээх үйл ажиллагааа эрхлэх гэрчилгээгүй,
- Аяллын компаниас жуулчинтай байгуулсан гэрээ стандарт бус,
- Аяллын үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх журам байхгүй,
- Гадаадын аялал, жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээнд жуулчинд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар тусгагдаагүй гэх нийтлэг зөрчил илэрсэн.
Үүнээс гадна тухайн салбар хариуцсан яам болон зөвшөөрөл олгож буй төрийн бус байгууллага буюу Аялал жуучлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв зэрэг байгууллагын хариуцлага маш сул, хоорондын уялдаа холбоо байхгүйгээс тухай зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэглэгчдийн эрх ашгийн хохироох бололцоог бүрдүүлсэн гэж үзсэн.
Иймд холбогдох байгууллагууд цаашид харилцан уялдаатайгаар ажиллаж, хяналт тавих тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.
Бид хяналт, шалгалтын дүнг үндэслэн салбарын яам болон Монголын Аялал жуучлалын холбоонд хяналтыг сайжруулах, эрх зүйн эрх орчноо боловсронгуй болгохоор зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна” гэлээ.
IKON.MN