Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Монгол Улсын шадар сайдын өрөөнд болж байна. Хурлын үеэр цаг агаарын нөхцөл байдал, цаашдын ерөнхий төлөвийн талаар танилцууллаа.
11 дүгээр сарын дунд арав хоногоос нэлээд огцом хүйтэрч хэд хэдэн удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтоод байна.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0.1-5.0 мм, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, үхбаатар, Дорноговийн сумдын нутгаар 5,1-10 мм, Увсын Хяргас, Баруунтуруун, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Их-Уул, Рашаант, Шинэ-Идэр, Булганы Баян-Агтад 10,1-20 мм, Увсын Малчинд 24,6 мм орсон ба орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд болон зүүн хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага буюу говийн нутгийн зарим газраар хур тунадас ороогүй байна.
Ойрын үеийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзэхэд 11 дүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөв гарчээ.
Харин 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их (нэн их 7%, их 27%), 30 гаруй хувьд (34%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.
Үүнээс Увсын Завхан, Малчин, Ховдын Булган, Мөст, Говь-Алтайн Халиун, Тонхил, Төгрөг, Завханы Эрдэнэхайрхан, Архангайн Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Булганы Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баяндэлгэр, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Дундговийн Сайнцагаан сумдын ихэнх нутгаар нэн их эрсдэлтэй гарсан байна.
Онцгой байдлын ерөнхий газар