АН-ын Шинэчлэлийн залуус, 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдийн зүгээс намынхаа дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээллээ. Залуус намын дарга С.Эрдэнийгээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр намын даргаас огцорч, түүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахыг шаардаж буй аж. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн, гишүүд, дэмчигичд нэгдсэн Ардчилсан намыг шинээр байгуулахаа мэдэгдэв.
АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндавын ярьж буйгаар бол ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын удирдлагуудад улс төрийн удаа дараагийн алдаатай шийдвэрүүдээ эргэн харж засах шаардлагуудыг 2019 оны гуравдугаар сараас эхлэн хэвлэлийн хурал, зөвлөгөөн, намын гишүүдийн хэлэлцүүлэг хийж хүргүүлсэн байна. Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ шаардлагыг тоохгүйгээр барахгүй намын гишүүдээ цагдаа шүүхэд өгч, хэрэг үүсгүүлэн дарамталж, улмаар шударга гишүүдээ ардчилсан намаас хөөх зэрэг үйлдлүүдээ үргэлжлүүлэн хийсээр байна. Ийм хүн АН-ын дарга байх ёсгүй гэж үзэж байгаа аж.
Ингээд АН-ын дарга С.Эрдэнийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж буй залуус юу ярьж буй сийрүүлье.
Мөн Дархан-Уул аймгийн АН-ын гишүүн н.Алтанцэцэг: Би ардчилсан хувьсгалыг хийхэд оролцож байсан. 30 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийхдээ хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч нээлттэй бие даасан бодлогыг түүчээлэн авч ирэхийн төлөө тэмцэж байлаа. Гэтэл өнөөдрийн энэ нийгэм олигархуудаар дүүрч, ардчиллыг уландаа гишгэсэн, ядуурал, архидалт бий болсон, Ардчилсан нам нь МАНАН бүлэглэлийн гарт орсон нийгэм болсон явдалд их харамсаж байна. Мөн намын гишүүдийг дүрмийн бус аргаар хөөж, сольж байгаа нь АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг алдсан хэрэг тул С.Эрдэнэ даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна.
Говь-Алтай аймгийн АН-ын гишүүн н.Хурцгэрэл: Энэ хүнд удирдагчид байх ёстой наад захын харилцааны соёл, ёс зүй алга. Энэ хүн удирдагч биш бөгөөд намаа толгойлж бүтээн байгуулалт хийн, улс орныхоо төлөө явах хүн биш болохыг би өнгөрсөн бүх зүйлээс нь харлаа. Хүмүүс энэ нам шиг хэрэггүй нам байхгүй гэж одоо ярьж байна. Иймд энэ хүнийг яаралтай огцрохыг шаардаж байна.
Өвөрхангай аймгийн АН-ын дэд дарга н.Алтангэрэл: С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг тулгасан. Өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН-ын 60 тэрбумын хэрэгт холбогдоод хуулиар шийтгүүлээд байхад энэ бохир схемийг Ардчилан намд хуулбарлан хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Энэ нь Ардчилсан намыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн хоргодох байр болгож, олон мянган намын гишүүн, дэмжигчдийн итгэлийг үгүй хийсэн хэрэг болсон.
Намын даргынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж буй залуус өнөөдөр ийнхүү шаардлагаа хүргүүллээ. Харин одоо тэдний энэхүү шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэ хэрхэн хүлээн авч, яаж шийдвэрлэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Н.БАТАА
1 comment
АН сэрж сэргэх цаг үнэхээр болсон…Монголоо гэсэн залуусаар уул нь АН дутахгүй дээ. Ан-ыг ангал руу түлхэж буй хөгшин төгцөг олигархууд, тэдний гар хөл болсон луйварчдаас салах нь зөв…