“Аархал” пэйж хуудсанд нярайн хүүхдийн хувцас үйлдвэрлэгч охинд Цэлмүүн шарк хөрөнгө оруулахаар болсон ч хувь дээрээ тохироогүй учраас хөрөнгө оруулалт авч чадаагүй тухай мэдээлэл анхаарал татав. Гэсэн ч санаачлагч бүсгүй найз нөхдийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, “Үр минь” брэндийг бий болгосон байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Аархал: Нярай хүүхдийн хувцас хийдэг хөөрхөн охин Шарк танк гэдэг нэвтрүүлгээр ороод 50 саяын санхүүжилт Цэлмүүн гэдэг бизнесмэнээс авахаар болж гэнэ. Сүр бараатай баахан хүмүүс хичнээн удаа очиж үзэж үзсэнээ “Бизнесийнхээ 50 хувийг өгвөл 50 сая төгрөг 5 жилийн хугацаатай хүүгүй зээлье” гэсэн бна.
Нялх хүүхэдтэй, жирэмсэн, бизнесээ өөрөө гардан хийж байгаа охинд арай л харамсалтай санагдаад, энэ тухайгаа найзууддаа хэлж зөвлөлдсөн байна.
Охинтой хамт Голомт банкинд ажилладаг найзууд нь зөвлөлдөөд найздаа тусалж 50 сая төгрөгийг нь өөрсдөө босгож өгчээ. 17 залуу тус бүр 3 сая төгрөг яаж ийгээд олж найзынхаа компанид хөрөнгө оруулалт хийжээ. Баярласан бүсгүй найзууддаа компанийнхаа 25 хувийг өгсөн байна.
Цэлмүүн гэдэг тэр эмэгтэй 25 хувийг нь авъя гэсэн бол бүсгүй түүнд ч өгөх байжээ. Монголчуудын хэдэн үеэрээ амьдрах баялгийг нэг гэр бүлээрээ авсан тэд хөл дээрээ босох гэж өөрийн чадлаар зүтгэж байгаа охины бизнест шунахгүй байж болоогүй юм байх даа?!
Бас бүтээгдэхүүнээ EMart-н сүлжээгээр борлуулах гэхэд нь зөвшөөрөөгүй гэсэн
Голомт банкны залуус ямар сайхан сэтгэлтэй, хөөрхөн юм бэ. Сайн санааны үзүүрт шар тос гэж тэд ч энэ бизнесийг өгөөжийг хүртэх болжээ. Тэдэндээ урам өгч нялх балчир үрстээ “ҮР МИНЬ” брэндийг авч өгч байгаарай, хүмүүсээ!
Энэ залуусыг дэмжээд бизнесийг нь сэвхийтэл босгоод ирье л дээ, хэдүүлээ” хэмээжээ.
Шарк танк нэвтрүүлэгт оролцон Цэлмүүн шаркаас хөрөнгө оруулалт авах эрхээ олж аваад байсан А.Уянга Eguur.mn сайтад 2019 оны 2-р сарын 25-ны өдөр өгсөн ярилцлагадаа “Цэлмүүн шаркаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах эрхээ авсан. Нэвтрүүлгийн дараа төрөх хугацаа маань болчихсон учраас хөрөнгө оруулалтаа авч чадаагүй л байна. Гэрээний түвшинд явж байгаа учраас нэг сарын дотор хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй яваа” хэмээн ярьж байжээ.
Тэгвэл саяхан Залуу.ком сайтад 2019 оны 10 сарын 22-нд өгсөн ярицлагадаа “Шарк танк” нэвтрүүлэгт орж, хөрөнгө оруулалт авах эрхээ авсан. Тэгэхдээ хөрөнгө оруулалтаа Цэлмүүн шаркаас аваагүй. Манай хуучин ажлын хамт олон бөөнөөрөө нэгдээд надад хөрөнгө оруулалт хийсэн. 24 хүн нийлээд надад хөрөнгө оруулал хийсэн…” хэмээн ярьсан байна.
Н.БАТАА