Монголын Сагсанбөмбөгийн Холбооны “Дээд Лиг” өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийлээ.
Энэ жил 21 дахь улиралдаа зохиогдож буй дээд лигийн нээлтийн тоглолт “Хасын Хүлэгүүд” болон шинээр дээд лигт оролцож буй “Эрдэнэтийн Уурхайчид” багийн хооронд боллоо. Шигшээ багийн шилдэг тоглогч Б.Билгүүнээр ахлуулсан, лигийн олон удаагийн аварга “Хүлэгүүд” баг “Уурхайчид” багт 83:92-ын харьцаатай хожигдсон нь тэмцээний нээлтийг улам сонирхолтой болголоо.
Улмаар “Эрдэнэтийн Уурхайчид” багаас хуучин багийнхаа эсрэг тоглосон О.Очирбат 24 оноо 18 самбар авч шилдэг тоглолт үзүүллээ.
Түүнчлэн лигийн нээлтийн завсарлагааны үеэр ОУХМ Ш. Сэдбазарын зодог тайлах ёслол болж түүний 1998 оноос хойш 21 жил тоглосон “8” дугаарыг СТО-нд хойморт мөнхжүүллээ.
Уг үйл ажиллагааны дараа өнгөрсөн улирлын аварга “Алдар Танан Гарьд” багийн эсрэг шинээр лигт элссэн Ц.Мэргэн, Г.Баттөр, Ц.Азбаяр, Д.Мөнхтүвшин нарын шигдэг тамирчдаас бүрдсэн “23-Стармс” багийн хооронд өрнөлөө.
Тун тэнцүүхэн өрсөлдөөнтэй болсон тоглолтын төгсгөлд 99:95-аар “Алдар Танан Гарьд” баг ялалт байгуулав.
Тоглолтод Гарьдууд жигдхэн тоглож байсан бол эсрэг “23-Стармс” багийн шинэ цэрэг А.Энхбаясгалан дээд лигийн анхны тоглолтдоо 30 оноо авсан боловч баг нь ялагдал хүлээжээ.
“Гоё Дээд Лиг”-ийн ээлжит тоглолтууд ирэх пүрэв гаригт /2019.11.28/ үргэлжилэн явагдана.