АТГ Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг 2017 оны сүүлээс эхлэн албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа. До.Ганболдод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг аравдугаар сарын 30-нд прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Д.Ганболд нь “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байхдаа гадны аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байсан юм.
Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет” компанид аудит шалгалт хийсэн бөгөөд энэ шалгалтаар 78 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байсан аж.
АТГ-ын ажилтнууд мөрдөн байцаалтын явцад До.Ганболд их хэмжээний төмрийн хүдрийг холбогдох байгууллагын тогтоосон ханшаас бага үнээр хилээр гаргаж, их хэмжээний ашиг хувьдаа олж байсныг тогтоосон гэнэ.
До.Ганболд гэж хэн бэ?
1963 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн тэрээр 1987 онд Уралийн политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгсчээ. 1987-1988 онд хилийн цэрэгт алба хааж, 1988-1990 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаад, 1990 оны тавдугаар сараас Эрдэнэт дэх Монголын Ардчилсан намын зохицуулагч, 1990-1992 онд Монгол Улсын Бага хурлын гишүүнээр тус тус ажилласан.
1992 оноос Монголын Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны аравдугаар сараас тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн болсон. 1993-1996 онд хувийн бизнес эрхлэн, “Инч” компанийн захирал, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998 оны арван нэгдүгээр сараас 2000 оны зургадугаар сар хүртэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байв. Мөн тэрээр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргаар 1998-2000 оны хооронд ажилласан. 2000 оноос хувийн бизнесээ эрхэлжээ.