[starbox]
Баруунд нэгэн үеийнхэн Нэгдсэн Вант улсын тагнуулч Жеймс Бондоор амьсгалж өсөж байхад Зөвлөлтийн хүүхэд залуучууд ч өөрсдийн гэсэн нэгэн баатартай байжээ. Энэ бол Макс Отто фон Штирлиц хэмээх нэрээрээ алдаршсан цэргийн тагнуулч юм. Энэхүү дүр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир ПутиныУлсын аюулгүйн хороонд орох эхлэлийг тавьсан уу?
Зөвлөлтийн Жеймс Бонд түүнтэй огт адилхан байсангүй. Тэр эмэгтэйчүүд, техникийн элдэв долоон чимэглэлд цаг үрдэггүй аж. Харин тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Берлинд л ажиллаж хамаг цагаа өнгөрөөдөг бөгөөд энд тэрбээр нууц тагнуулаар ажиллаж байхдаа Фашистын Германы дээд командлалд нэвтэрч ордог байна. Штирлиц “Хаврын 17 учрал” 12 ангит цуврал киноны баатар бөгөөд энэхүү киног жил бүр тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын өмнөхөн үзүүлдэг байжээ. Энэ олон ангит кино 1973 онд нээлтээ хийж, 50-80 сая хүн үзжээ.
“Үдэш бүр гудамж талбай хоосорч, хүмүүс дараагийн анги дээр нь юу болохыг үзэхээр гэр рүүгээ яардаг байлаа” хэмээн тус кинонд тоглосон Элеонора Шашкова “ВВС”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Киног зөвхөн Зөвлөлтийн үед өсөж том болцгоосон хүмүүст төдийгүй тэдний дараагийн үеийнхэн ч маш сайн мэднэ. Тийм болохоор агуулгыг нь дахин дахин ярих ч шаардлагагүй аж. Гэхдээ энэ кино олныг баясгахаас гадна цаагуураа зориуд тавилттай байсан гэдгийг мэдэх хүн тун цөөн.
“Энэхүү кино нь нууц тагнуулуудын ажил ямар чухал болохыг харуулсан. Манай улсад ч тагнуулуудыг маш их хүндэтгэдэг. Кино нь дайны дараах үеийн хүүхдүүдийг эх оронч үзлээр хүмүүжихэд тус болсон” хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ.
Супер тагнуулын эхнэрийн дүр
Элеонора Шашкова уг кинонд Штрилицийн эхнэрийн дүрд тоглодог. Гэхдээ Берлиний нэгэн кафед супер тагнуулын эхнэр өөр эртэй орж ирээд Штирлицтэй таарахаас өөрөөр уулзаж учирч байгаагаар огт гардаггүй. Штирлиц ширээний ард суучихаад эхнэртэйгээ нууцхан, хүндхэн гунигтай харц солилцдог. Камерт түүний нүдийг, дараа нь эмэгтэйг, тэгээд дахиад л тагнуулчийг харуулдаг байна. Хэдэн минутын дараа эмэгтэй босч, кафегаас алгуурхан гарч явна.
2007 он арванхоёрдугаар сард жүжигчин эмэгтэй Шашкова 70 насны төрсөн өдрөөрөө Зөвлөлтийн кино урлагийн түүхэнд байгаагүй онцгой бэлэг хүлээн авчээ. Энэ бол нууц тагнуулын эхнэрт тоглосных нь төлөө Оросын тагнуулын албанаас ирүүлсэн талархлын бэлэг байлаа.
Тусгай захиалгаар бүтээсэн
Найруулагч Татьяна Лиозновагийн бүтээсэн энэхүү олон ангит киног тухайн үед Улсын аюулгүйн хорооны тэргүүн байсан, хожмоо Зөвлөлт холбоот улсын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Юрий Андропов өөрийн биеэр захиалжээ. Тэрээр залуу, боловсролтой хүмүүсийг байгууллагынхаа ажилд татах зорилготой байсан гэнэ.
Андропов киног дэлгэцэнд гарахаас өмнө биечлэн үзэн сайшааж, зураг авалтад нь орлогчоо болон Улсын аюулгүйн хорооны хоёр ажилтныг зөвлөхөөр ажиллуулжээ. Ингээд зураг авалтад оролцсон хүмүүсийн нэрсэд хорооныхоо ажилтнуудыг ажлын нэрээр нь оруулсан байна.
ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү Штирлицийн дүрийн нөлөөгөөр тагнуулын ажлыг сонирхож, ажилд орсон гэж хэзээ ч хэлж байгаагүй юм. Гэхдээ энэ киног анх дэлгэцэнд гаргахад тэр 21 настай байсан бөгөөд хоёр сарын дараа Улсын аюулгүйн хороонд элсэн оржээ. Ингээд хэсэг хугацааны дараа тэрбээр Штирлиц шиг Герман руу томилогдон ажилласан аж.
Жеймс Бондын хувьд архаг гэмээр архичин бол Штирлиц яг л Путин шиг огт архи амсдаггүй. Кинон дээр Штирлиц ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлж, тамхи татаж, кофе ууж, цонхоор бодлогошрон ширтдэг байна. Үнэн хэрэгтээ Британийн тагнуулч, 1963 онд ЗХУ-д томилогдож байсан Ким Филбийн ажигласнаар иймэрхүү бодлогоширсон тагнуулч байвал ажил дээрээ удаан тогтох аргагүй гэнэ.
Тагнуулын удирдагчаас улсын удирдагч
Путин 1991 онд Улсын аюулгүйн хорооноосоо гарч, Санкт-Петербург хотын захиргаанд ажиллаж байхдаа л тагнуулч байсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрч, баримтат теле кинонд “Хаврын 17 учрал” киноны алдартай хэсгүүдийг оруулжээ. Энэ кинонд машин унаад Берлин рүү явж байгаа Штирлицийн оронд “Волга” машин унасан Путиныг харуулж, киноны дуугаар амилуулсан байна.
Оросын ирээдүйн Ерөнхийлөгч энэхүү баримтат кинондоо “харамсалтай ч манай улсад тоталитаризм эргэж ирэх магадлалтай” гэж анхааруулжээ. Тэрбээр цааш нь “Гэвч аюулыг хууль сахиулах байгууллагаас бус, аюулгүйн байгууллагуудаас ч, бас цагдан сэргийлэхээс ч бус өөр газраас хайх, эсвэл харах хэрэгтэй. Энэ аюул бидний өөрсдийнх нь сэтгэлгээнд, ард түмэн, хүн амынх нь сэтгэлгээнд байна. Бүгдэд л үүнийг ухаж илрүүлж чадахгүй бол гэсэн бодол бий. Надад хааяа ийм бодол орж ирдэг. Хэрвээ хатуу гараар хатуу эмх цэгцэнд оруулбал бид бүгд илүү аятайхан, тав тухтай, аюулгүй амьдарна гэж боддог. Үнэндээ энэхүү тав тухтай байдал маш хурдан үгүй болно. Яагаад гэвэл энэхүү хатуу гар биднийг маш хурдан багалзуурдаж эхэлнэ шүү дээ” хэмээжээ.
1990-ээд оны үймээнээс хойш хэдэн жилийн дараа ихэнх оросууд үнэхээр эмх цэгцэнд орохыг хүсэмжилж, зарим нь тэрхүү хатуу нударгыг үгүйлж эхэлсэн байна. Олон нийтийн санал асуулгуудаар сонгогчид дараагийн Ерөнхийлөгчөө залуу, цэвэр орос цусны тусгай албанд ажиллаж байсан, архи уудаггүй хүн байгаасай гэж хүсдэг нь тодорхой болжээ.
Энэ тухай “Economist”сэтгүүлийн Орос, Зүүн Европын хэлтсийн редактор Аркадий Островский “Оросын бүтээл” номондоо “Либералуудад итгэл алдсан улс өөрийн гэсэн Штирлицээ хайж эхэлсэн” хэмээн бичжээ. Түүний тэмдэглэснээр 1999 онд “Коммерсант” сонин “Оросууд ямар киноны баатрыг ирээдүйн Ерөнхийлөгчөө байгаасай гэж хүсдэг вэ” гэсэн санал асуулга явуулсан гэнэ.
Тэгтэл Штирлиц энэ жагсаалтад маршал Жуковын дараа хоёрдугаарт оржээ. Гэвч тус сонин долоо хоног бүрийн хавсралтынхаа нүүрэн дээр Штирлицийн зургийг “Ерөнхийлөгч-2000” гэсэн гарчигтайгаар байрлуулсан байна. Ингээд 2000 оны гуравдугаар сард Путин “үүрэг гүйцэтгэгч”-ээр багахан хугацаанд ажиллаж байгаад төрийн тэргүүнээр сонгогдсон юм.