Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт буюу энэ сарын 26, 27-нд бүх нийтээрээ амрах юм.
Улмаар хоёр өдөр дараалан амрахтай холбогдуулан ажлын өдрийг шилжүүлсэн шийдвэр гарах эсэх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтийн дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Засгийн газрын хуралдаанаар ажлын өдрийг шилжүүлэх тухай асуудал яригдаагүй. Ирэх долоо хоногт тохиох бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан.
Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н энэ жил арваннэгдүгээр сарын 27-нд эхэлж байгаа бөгөөд энэ жил улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиож байгаа юм.