Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ” Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн. 2009, 2011, оны гэрээ 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ болгоныг сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлж сайжруулж, шаардлагатай бол зөвлөх үйлчилгээ авах талаар тогтоолын төсөлд оруулсан. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа.
Гэхдээ Засгийн газар руу яагаад өгч байгаа гэхээр Засгийн газартай хамтарч, гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг саналыг Оюу толгойгоос ЗГ-т өгсөн юм билээ. Тиймээс цуцлахаасаа илүүтэй сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн бол
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: ОТ компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, миний бие Түмэнцогт нар ажиллаж байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюу толгойгоос удирдамж авч ажилладаг.
Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашигаар авахаар байгаа. Өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ.
Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг “Эрдэнэс Монгол” барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа гэлээ.
Харин Л.Элдэв-Очир: Засгийн газар гуравдугаар зүйлд анхаараач. Монгол Улс 34 хувиа өрөндөө өгөөд авах ёстой татвар роялтигаа авдаг болбол тухай бүртээ илүү ашиг хүртээд явна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байгаа зохицуулалт.
ОТ-н гэрээг цуцлах асуудал огт байж болохгүй. Засгийн газраас саналаа оруулж ирээд эцсийн шийдвэрийг УИХ гаргая. Ингэж шийдэхгүй бол алсдаа улам хэрүүл болохоор байна. Шаардлагатай бол Засгийн газар УИХ-аас ажлын хэсэгтээ гишүүд оруулаад шийдмээр байна гэсэн бол
Ц.Түмэнцогт: Оюутолгой ордын ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан. 2015 онд шинэчлэн баталсан. Ашигт малтмалын хуулийн дагуу 5 жил тутамд батлах ёстой. 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, мөнгө 2,750 тонноор батлагдсан.
Эрдэнэт үйлдвэрийн төсвийн орлоготой харьцуулж бид бас үздэг. Эрдэнэт үйлдвэр бол АМНАТ төлж байгаа. Зэсийн үнэ 6,000-аас доош байвал 11%, 6,000-аас дээш байвал тонн тутамд 16% төлдөг. “Оюу толгой” АМНАТ 5%-аар төлөхөөр тогтворжуулж гэрээ байгуулсан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд, ногдол ашгаа хуваарилахад үйлдвэрлэл, экспорт гурав дахин нэмэгдэнэ гэсэн юм.
Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100%-ийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжсэнээр батлагдав. Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаажээ.