“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн эсрэг мэдүүлсэн хүчингийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоосон гэж Шведийн прокурор Эва-Мари Персон мэдэгджээ. “Өнгөрсөн зун, намрын турш үргэлжилсэн нэмэлт мөрдөн байцаалтын явцад ашигласан аман мэдүүлгүүд хангалттай үнэмшилтэй байгаагүй гэж хуулийн байгууллага үзжээ.
Хэрэг явдал болсноос хойш урт удаан хугацаа өнгөрсөн. Байгалийн жамаар хүний ой санамж бүдгэрдэг нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж прокурор хэлсэн бөгөөд Ассанжийг байцаах бодолгүй байгаа. Ассанжийн мэдүүлэг болсон явдлыг бүрэн ил болгож чадахгүй гэжээ.
“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр болсон хууль бус үйлдлүүдийг илчилсэн материалуудыг дэлгэн нийтэлж, Кубийн Гуантанамо арал дээрх Америкийн шорон дахь нөхцөлийг ил болгосноороо алдаршсан нэгэн.
Тэрбээр 2012 оноос эхлэн Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байсан бөгөөд Швед болон АНУ-ын эрх баригчдын шаардлагаар мөн 2012 онд шүүхийн зарлан дагуу ирээгүй шалтгаанаар олгосон саатуулах тушаалыг үндэслэн энэ оны 4 дүгээр сард баривчилсан юм.
Тавдугаар сард Лондонгийн шүүх түүнд батлан даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр 11 сар хорих ял оноосон аж. Үүний дараа АНУ Ассанжийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан, нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгасан билээ. Одоо түүнд 175 жил хоригдох аюул тулгараад байгаагийн зэрэгцээ Лондонгийн шүүх Ассажийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг авч хэлэлцэх болоод байна.
Тавдугаар сарын сүүлээр Ассанжыг Белмаршийн эмнэлгийн тасагт шилжүүлжээ. Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар сэтгүүлчийн бие маш маш дор орж, “түүнтэй хэвийн ярилцах ч боломжгүй” байжээ. Даваа гарагт Лондонгийн шүүх WikiLeaks сайтыг үндэслэгчийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж харин АНУ-д шилжүүлэн өгөх тухай техникийн хэлэлцүүлгийг ирэх 12-р сарын 13, 19-нд явуулах болжээ.