Сургалтын орчныг сайжруулах, багш нарыг чадваржуулах, брайль сурах бичигтэй болох, ажлаас үндэслэлгүй халагдсан түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг буцаан авах шаардлага тавьж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн найман сурагч өчигдөр хичээл хаялаа. Тэд 7-12 дугаар ангид сурдаг аж.
XII ангийн сурагч Т.Тамирбат “Энэ хавар манай сургуулийг найман хүүхэд төгсөнө. Сургуулиа төгсөх хариуцлагатай энэ үед ахлах, дунд ангийнханд хичээл ордог Д.Сарантөгс багшийг ажлаас нь халсан. Англи хэлний багшаасаа “Сая гэхийг англиар юу гэх вэ” гэж асуухад “Би төгс хүн биш, мэдэхгүй” гэж хэлсэн. Ийм үг мэдэхгүй хүн англи хэл зааж чадах, эсэхэд эргэлзэж байна.
Би удахгүй сургуулиа төгсөөд явчихна, харин дүү нартаа илүү сайн боловсрол олгохыг хүсэж байна. Монгол хэлний сургалтын материал л брайль үсгээр байдаг. Өөр ямар ч сурах бичиг байхгүй” гэж ярилаа.
Сурагч А.Сайханцэцэг “Бидний энэ тэмцэлд 10-аад хүүхэд нэгдсэн. Гэвч заримыг нь багш нар анги руу нь чирээд авч явлаа. Дэмжиж буй олон хүүхэд бий. Багш нарын сүрдүүлгээс айгаад нэгдэж чадсангүй. XII ангийнхныг хичээл хаявал цагаан хуудастай төгсгөнө гэсэн. Биднийг ойлгодог Д.Сарантөгс багшийг “Хүүхдүүдийг турхирсан, ёс зүйгүй байдал гаргасан” гээд ажлаас нь халсан юм. Д.Сарантөгс багш биднийг хэзээ ч турхирч байгаагүй. Хэрэв турхирсан гэж байгаа бол нотлох хэрэгтэй.
Манай захирал бидэнд үргэлж худлаа ярьдаг, нийгмийн ажилтан янз бүрийн үгээр хараадаг, бага ангийн багш Байгалмаа “Хүн харснаараа сэтгэдэг” гэж, хөгжмийн багш Батболд “Тоть ярьдаг болохоор торонд суудаг, бусад шувуу жиргэдэг учраас эрх чөлөөтэй нисдэг” гэж доромжилсон. Бид жилийн өмнөөс сургуулийн захиргаанд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй тул эцсийн аргаа хэрэглэж байна.
“Хичээл хаялаа” гэж сургуулийн удирдлага, багш нараас дарамт ирсэн ч энэ асуудлыг шийдвэрлэж байж л бид тэмцлээ зогсооно. “Та бидний үзэл бодлыг сонсох хэрэгтэй” гэхээр “Би ажлаас халагдчихвал энэ асуудал шийдвэрлэгдэх юм байна” гэж захирал Э.Энхзул хэлсэн.
Ингэж хариуцлагаас зугтаж болохгүй шүү дээ. Биднийг нэг нэгээр нь дуудаж, ятгадаг” гэлээ. Тус сургуульд бага ангийн багшаар 21 жил ажиллаж буй харааны бэрхшээлтэй Ч.Амарзаяа “Манай сургуулийн сурагчид 2014, 2016 онд бас хичээл хаяж байсан. Энэ асуудлыг хурдан шийдэж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулаасай” гэв.
Хичээл хаяж буй хүүхдүүдээ дэмжихээр тэдний эцэг, эх иржээ. “Харааны бэрхшээлтэй хүүхэд ямар онцлогтойг ойлгодоггүй багш олон. Хэд хэдэн хүүхдийг чирч гулдраад анги руу нь орууллаа. Үзэл бодлоо илэрхийлж буй хүүхдүүдийн зөв” гэцгээж байв.
Сурагчдын шаардлагыг хэрхэн хүлээж авч буй талаар тус сургуулийн захирал Э.Энхзулаас тодруулахад “Бид сургалтын орчин нөхцөлийг сайжруулах гэж чадлынхаа хэрээр зүтгэж байна. Брайль хэвлэх цех ажилладаг. Өнгөрсөн онд есдүгээр ангийн сурах бичгийг хэвлэж өгсөн ч хичээлийн жил дууссан учраас сурагчдад хэрэглүүлээгүй. Энэ жил есдүгээр анги байхгүй. Үүнийг хүүхдүүд эсэргүүцэж байгаа болов уу.
“Харсныхаа хэрээр сэтгэдэг” гэж хэлсэн Байгалмаа багштай уулзахад “Хүүхдүүд буруу ойлгосон байна” гэсэн. Манай хамт олон Д.Сарантөгс багштай хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн учраас түүнийг ажлаас нь халсан. Д.Сарантөгс багш хичээлийн бэлтгэл хангадаггүй, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн. Ахлах ангийнхныг цагаан хуудастай төгсгөнө гэж би хэлээгүй. Унаж татдаг, эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхэд байдаг учраас дотуур байрныхныг шөнө унтахад хаалгыг нь нээлтэй байлгадаг юм” гэлээ.
Эх сурвалж: Ч.Болортуяа