Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсов
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов.
Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хэлэлцээд Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшаар ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн 04 дүгнэлтийг гаргасан байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсэн.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгажээ.
1.Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдох гарах зардлын тооцоо хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалууд хамаарахгүй хууль тогтоомжийн хүрээг тодорхойлох.
2.Дээр дурдсан аргачлалын дагуу судалгаа, үнэлгээ, зардлын тооцоо хийсэн талаархи материалыг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатанд бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуульд нэмж тусгах.
3.Багц хуулийн төслийг хууль санаачлах эрх бүхий 3 субъект болох Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар аль аль нь боловсруулж, өргөн мэдүүлж байх.
4.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хуулийн төслийн төрөлд хамааруулах.
5.Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүгнэлт гаргахгүй, харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хороодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх” чиг үүргийнхээ хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх асуудлаар зөвлөмж гаргаж байх, уг зөвлөмжийг Байнгын, дэд, түр хороод хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхдээ харгалзан үздэг байх зэрэг өөрчлөлтүүд аж.
Хууль зүйн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү хуулийн төсөл нь хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагыг хангасан эсэхийг тодруулсан.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, хуулийн төслийг өөрийн болон УИХ-ын цахим хуудсанд 45 хоног байршуулж иргэд, олон нийтээс санал авсан гэлээ. Түүнчлэн зургаан аргаар тандалт, судалгаа хийж, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, санал аваад хуульд заасны дагуу өргөн мэдүүлсэн хэмээн хариулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Н.Учрал, Л.Элдэв-Очир, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсний бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ гэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхи дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.
Төсөлд, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалт нэмэх, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нэмэх саналууд олонхийн дэмжлэг авсан.
Нийт зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталлаа.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж эхэллээ.
Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа хэмээн танилцуулсан.
Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлогоор нь авч үзвэл макро эдийн засгийн бодлогын арга хэмжээний биелэлт 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийн хөгжүүлэх бодлого 67,9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын арга хэмжээний биелэлт 64.6 хувьтай гарсан гэж Ерөнхий сайд хэлсэн.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд макро эдийн засгийн бодлого 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9 хувь, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодпого, батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувийн хэрэгжилттэй гарсан нь үндсэн чиглэлд тусгагдсан бодлогууд хангалтгүй биелсэнийг харуулж байна гэлээ.
Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангаа УИХ-д ирүүлсэнээс нийт 158 арга хэмжээнээс бүрэн хэрэгжсэн 55, дутуу хэрэгжсэн 72, хэрэгжээгүй 31 буюу дунджаар 58.9 хувийн биелэлттэй байгаа тухай дурьдаад, үндсэн чиглэлийн зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүй, цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг төлөвлөсөн, хариуцан хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй, зарим зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан гэж үзсэнийг дурдлаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Улсын Их Хурлын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлжээ.
Байгаль орчин. хунс. хөдөө аж ахуйн байнгын хороо жижиг, дунд үйлдвэрийг бичил бизнес эрхлэгчээс ялгаж хөгжүүлэх, унанги мод, самар, жимс зэрэг ойгоос ашиглах бүх нөөцөө тооцоод орон нутагт хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрийн төрөл, хүчин чадлын талаар тодорхой чиглэл өгөх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хувийг хуулиар тоггоосон хэмжээгээр нь зарцуулдаг болоход салбарын яам санаачлагатай ажиллах, аудитын дүгнэлт болон салбарын яамдын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг анхаарах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Нийгмийн бодлого. боловсрол. соёл. шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас үндсэн чиглэлд туссан зорилтуудыг улсын төсөвтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зүйл тус бүрээр нь нарийвчлан гаргах, албан тушаалтантай хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлтэд дутуу дулимаг дүгнэлт гаргаж байгааг анхаарахыг зөвлөжээ.
Төсвийн байнгын хороо үндсэн чиглэлийн биелэлтийг хангалтгүй хэлэлцэж байгааг анхаарах шаардлагатай гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс болж гацсан ажлуудыг явуулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар хэлэлцэж байх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль зуйн байнгын хороо Эрүүгийн болон Зөрчлийн хууль 2017 онд хэрэгжихээс гадна процессын хуулиуд батлагдан гарах ёстой, үүнтэй холбогдуулж их хэмжээний зардал төсөвт суулгаж, татвар төлөгчдөд дарамт учруулахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн шинэ төрлийн ялыг хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд Аюулгуй байдал. гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын дипломат албаны нэр хүндийг унагасан асуудал удаа дараа гарсан, Гадаад харилцааны яамны консулын үйлчилгээтэй холбоотой зорилтын биелэлт хангалтгүй байгааг анхаарах, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу дипломат болон албан паспорт эзэмших асуудлыг 5 дугаар сард багтаан журамлах, дипломат албан дугаартай тээврийн хэрэгслийн жагсаалтыг гарган хяналт тавих, гадаад орнуудад байгаа өмч хөрөнгийн бүртгэл гаргах, нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, дипломат албаны ёс зүй, мэргэжлийн шаардлага, хүний нөөцтэй холбоотой асуудлыг цэгцэлж хаврын чуулганы хугацаанд тайлагнах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо Байнгын хороодоос ирүүлсэн дээрх санал, дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд, цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргажээ.
Үндсэн чиглэлийн биелэлтийг өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.