Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.11) хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурал 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон ба уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зургаан аргачлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газраас боловсруулж УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, олон улсын гэрээ соёрхон батлах, дипломат харилцаа тогтоох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамаарахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох санал дүгнэлт гарсан асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал хамаарахгүй байх зохицуулалтыг 12.3 дахь хэсэг болгон нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна.
Хуульд заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг аль шатанд, хаана баримтжуулж, хавсаргаж ирүүлэх талаар хуульд зохицуулаагүй нь дээрх аргачлалын дагуу холбогдох үе шатанд хийсэн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоог хянах, баримтжуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэж байна хэмээн үзсэн байна.
Үүнийг арилгах үүднээс хуулийн төсөлд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлуулахаар хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн талаарх судалгаа, үнэлгээний тайланг, харин хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар ирүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон судалгаа үнэлгээний тайланг тус тус хамтад нь ирүүлж байх зохицуулалтыг нэмж тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Тодорхой салбарын хооронд уялдаа холбоотой хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор байсныг өөрчилж хууль санаачлах эрх бүхий гурван субьектын аль нь ч санаачилж болохоор хуулийн 26 зүйлийн 26.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ.
Мөн хуулийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл нь аливаа нэг зохицуулалтыг дуусгах үр дагавартай тул хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн төрлөөс хасаж, хуулийн төслийн төрөлд бие даасан төрөл болгож хамруулахаар тусгасан гэлээ.
Хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх хугацаа нэг жил байсныг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш таван жил тутам, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан олон нийтээс санал авах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн болон УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулснаас гадна мэргэжлийн байгууллага, ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Хэлэлцүүлгийн үед гарсан зарим саналыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч Хууль тогтоомжийн тухай хууль өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн үзэж буйгаа илэрхийлээд ингэснээр хууль санаачлах эрх бүхий гурван субьектэд ямар давуу нөхцөл байдал бүрдэх талаар тодруулж, төсөл санаачлагчаас хариулт авсан юм.
Хууль тогтоомж нь нийтэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, нэг мөр ойлголттой байх зарчмуудыг баримталж байгаа гэж үзэж байгаа хэдий ч Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон улсын гэрээтэй холбоотой асуудлууд дээр өндөр шалгуур, шаардлага тавих нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.