Өвлийн бүүдгэр өдрийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нарын “Мандах нар” гийгүүлэх гэж байна. Их талын цуурай шиг ардын дуугаа дээдлэн сонсдог хэн бүхэн энэ тоглолтод морилон саатаарай.
Нүүдэлчдийн өв соёлоо дээдэлж, эртний бөгөөд орчин үеийн хоёр ертөнцийг нэгтгэсэн тоглолт UB Palace-ийн концертын их танхимд арванэгдүгээр сарын 15-нд болно. Үндэсний урлагаа хөгжүүлэх, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэсэн чин зорилго тэднийг нэгтгэсэн. Монголчууд зовж, зүдэрсэн цагтаа ардын дуугаар бодлоо гийгүүлж, сэтгэлээ тайтгаруулж, баярласан үедээ найр цэнгэлээ эхлүүлдэг уламжлалтай. Нар мандаж, ертөнцөд шинэ өдөр ирдэг.
Олны сэтгэл, оюунд үндэсний урлагийн нарыг мандуулахыг бэлгэдсэн тоглолтын зохиомж, тайзны шийдэл өвөрмөц өнгө аястайгаас гадна Монголын урлагийн ертөнцөд шинэлэг санаа хэрэгжүүлж, дэлхийн зэрэглэлийн кино театрууд шиг долби дуугаралтыг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээний амьдрал, монголчуудын ахуйг харуулсан энэхүү тоглолтоороо тэд Монголын үе үеийн уртын дуучдад хүндэтгэл үзүүлэхийг хүсчээ.
Ардын дуунд өв соёлоос гадна хайр, амьдралын ухаан гүн шингэсэн байдаг. Үүнийг тайзнаа зүгээр нэг дуулах бус уран сайхнаар үзүүлэхийг зорьжээ. Үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын “Арга билэг”, Б.Алтанжаргалын “Дөмөн” цомгоо тоглолтын босгон дээр олны хүртээл болсон юм.