Сар бүрийн хэвлэлийн хурлын үеэр олны анхаарал татсан зарим хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл Үндэсний шуудан сонинд нийтлэгдсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Мөрийтэй тоглосон гэх асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгддэг. Манайд энэ асуудал шалгагдаагүй байна.
-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргүүд ямар шатанд явж байгаа вэ?
-Уг хэрэгт нэмж тодруулан шалгах зарим асуудлууд гарч байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна. Нийт 20 гаруй үйлдэл дээр тухайн асуудлыг шалгаж байгаа. Энэ шалгалтын ажиллагааг зөвхөн манай байгууллага дангаараа шалгаагүй. Зарим тохиолдолд гадны байгууллагатай хамтарч ажиллах тохиолдол гарсан. Авлигын гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад хамтын ажиллагаа шаардагддаг.
-Бөхчүүдийн допингтой холбоотой асуудлыг танайхаас шалгаж байгаа юу?
-Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд 5 болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцийг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх байна. Эдгээр 109 хүнээс дахин тодорхой төрлийн шинжилгээ авч хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгана.
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгаж байгаа.
-ЖДҮХС-тай холбоотой хэрэг ямар шатанд явна вэ?
-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын найман гишүүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа 2019 оны долдугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтийн хариуг бид наймдугаар сарын 1-нд өгсөн. ЖДҮХС-ын санхүүжилтэд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн аж ахуйн нэгж байгааг тогтоосон. Улмаар эдгээр аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан 8 тохиолдол тогтоогдоод шалгагдаж байна.
Өөрөөр хэлбэл, найман гишүүн мөнгө угаасан гэдэг асуудал яригдаагүй. ЖДҮХС-тай холбоотой эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг нь тусдаа шалгагдаж байгаа. Харин энэ асуудал нь санхүүжилтэд хамрагдсан 34 аж ахуйн нэгжийн 11 нь хамаарал бүхий албан тушаалтантай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй хадгаламжид мөнгийг байршуулсан байна. Үүнд “Уран сэлэнгэ”, “Цагийн илч”, “Грийн товер”, “Намж-Сод”, “Цамбагарав трейд”, “Эйс, Ай, Эйм И”, “Жигүүрт хөсөг”, “ТБМТ” ХХК ЖДҮХС-гаас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь санхүүжилтийн асуудлаас болоод өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан гэх тайлбарыг бидэнд өгч байгаа. Энэ нь мөнгө угаахаас илүү авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж байгаа явдал юм. Иймд зарим аж ахуйн нэгжийн зээлийг гэрээг цуцалж, зээлийг нь төлүүлэх арга хэмжээ давхар явж байгаа.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нар Солонгос Улсын иргэдийг луйвардсан гэх хэрэг шалгагдаж байна уу?
-“Ачит-Ихт” компанитай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Тухайн хэрэгт холбогдуулан нэмж шалгах асуудлууд гарсан. Иймд ахин тодруулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
-Н.Батбаяртай холбоотой хэргийг шалгаж дууссан уу?
-Манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явуулаад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл надад ирсэн.
-АТГ-т шалгагдаж байгаа хэд хэдэн хүмүүс гадагшаа явсан гэх мэдээлэл бий. Нийт хэдэн хүн гадаадад байна вэ?
-Манайд шалгагдаж байгаа хүмүүсээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэн. Тухайн хүнийг шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй. Мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тухайн этгээдийг хилээр гарахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Энэ хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж, хоригийг нь цуцлан, эмчилгээ хийлгэж байгаа.
-Хөгжлийн банктай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна уу?
-Хөгжлийн банктай холбоотой олон асуудал бий. Нэр дурдагдсан хоёр сайд асанд холбогдох хэрэг бол тухайн хэргийн нэг хэсэг нь гэж хэлж болно. Хөгжлийн банкны хэрэг гэж дан ганц хэрэг байхгүй. Хөгжлийн банкны санхүүжилт, түүнээс гарсан зээлийн асуудлуудтай холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарт холбогдох хэрэг буюу Худалдаа хөгжлийн банкнаас 27.5 тэрбум төгрөгөөр байр авсан гэх хэргийг шалгаад дууссан. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
-Энэ хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Дээрх хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Бусад нь өөр хэргээр шалгагдаж байна. Анхнаасаа 17 шүүгч холбогдосон гэсэн мэдээлэл явсан учраас биднээс 17 шүүгчийн асуудал нэхээд байдаг. Энд нэг зүйлийг бас олон нийтэд хандан хэлэхэд тодорхой хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа асуудал нь хэргийн бодит нөхцөл байдалтай таарах ч тохиолдол байна, таарахгүй ч тохиолдол байна. Үндсэн хуульд заасан шүүхээр тухайн этгээдийг гэмт буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно гэдэг зарчим бий. Тиймээс зарим асуудлыг маш олон удаа үнэн мэтээр давтсанаас хамаарч, хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд эргэлзээ үүсч байна. Ер нь худал, ташаа мэдээллийг ямар этгээдүүд, ямар зорилгоор тараадаг вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг юу болж байна?
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
-АТГ-ын хууль бус газрыг цуцаллаа гэсэн мэдээлэл яваад байна. Тэр талаар мэдээлэл өгнө үү?
-АТГ-ын албан хаагчдын орон сууц барихаар Нийслэл хотоос газар хүсэхэд олгосон газар юм. Уг газар нь орон сууц барих боломжгүй учир АТГ-аас хотын захиргаа дүүргээс хүсэлт тавьсны дагуу харилцан зөвшилцөж уг газрыг ногоон байгууламж бий болгох зорилгоор нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Хууль бусаар газар авсан байсныг цуцалсан асуудал биш. Үг үсгийн алдаа гарсан байх. АТГ харин уг үйл ажиллагааг дэмжсэн.
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ямар асуудлаар шалгаж байгаа вэ?
-Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Тост тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой.