Өнгөрсөн даваа гарагт нийслэлд цас орж, замын гадаргуу мөстсөний улмаас халтиргаа үүсэж, осол гарах нь бусад өдрийнхөөс нэмэгджээ. Автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын цөөнгүй нь зуны дугуйгаа сольж амжаагүй нь өгсүүр замд гулгах, тоормос гишгэхэд шарвах зэргээс илт.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст уржигдар 346 дуудлага ирснээс 229 нь зам, тээврийн осол байжээ. Явган хүн бэртсэн долоон осол гарсан гэнэ. Орон нутагт, Завхан аймгийн Улиастайгаас Загастайн даваа хүртэлх замыг даваа гаргийн 16.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Бусад аймаг болон нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх долоон цэгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй юм.
Нийслэлийн хэмжээнд ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Шуурхай удирдлага зохицуулалтын төв инженерийн хангамжийн болон нийтийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааг 24 цагийн турш хянасан.
Өчигдөр өглөөний байдлаар Хот тохижилтын газрынхан зам, талбайд 60 техникээр 16 тонн давс, 212 тонн бодис цацаж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийллээ. Үүнээс гадна Дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний ажилтан, аж ахуйн нэгжүүд 166 ажилтан цас цэвэрлэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд энэ өвлийн турш ашиглахаар 2694 тонн бодис нөөцөлснөөс 387 тонныг нь өчигдөр зарцуулсан. Мөн 1793 тонн давс нөөцөлснөөс 156 тонныг нь ашиглажээ.