Б.Адъяахүү
Байгалийн асар их баялагтай хэрнээ түүнийгээ зарцуулах менежментийг буруу хийвэл тухайн улс хэчнээн баян чинээлэг байлаа ч гэсэн хэрхэн туйлдан доройтож болдгийн бодит жишээ бол Венесуэль улс юм. Энэ нь ашигт малтмалд дулдуйдан амьдардаг бусад улсын хувьд гашуун сургамж билээ.
Улс орондоо гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гэсэн асар ширүүн өрсөлдөөн сүүлийн хэдэн арван жилийн турш дэлхий даяар өрнөж байгаа билээ.
Хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хөгжиж буй орнууд төдийгүй аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд хүртэл нэрэлхэж цамаархалгүйгээр зүтгэж байхад Латин Америкийн Венесуэль гэдэг улс дэлхий дээр хамгийн их газрын тосны нөөцтэй гэдэгтээ бардан гадны хөрөнгө оруулагчдыг хөөж тууж, олсон мөнгөө үрэлгэн зарцуулсны улмаас өдгөө гүн ангалын ирмэг дээр ирчихээд байна. Тус улсад дэгдсэн эдийн засгийн өнөөгийн гүнзгий хямрал нь Уго Чавес ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеэс /1999-2013 он/ бүр өмнө бугшаад байсан хэдий ч түүнийг засгийн эрхийг барьж байх үед ноцтойгоор даамжирчээ.
Хөрөнгө оруулагчдыг хөөсөн нь
Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа өөртөө үнэнч хүмүүсээр парламентыг бүрдүүлж, Үндсэн хуулийг өөрчилж чадсан У.Чавес “боливарын социализм”-ыг байгуулах үйлсэд ханцуй шамлан оржээ. Эхлээд “хараал идсэн Америкийн империалистууд”-ын мэдэлд байсан бүх нефть олборлогч компаниуд, харилцаа холбооны компаниуд ба гангийн үйлдвэрүүдийг нийгэмчилж эхэллээ. Тэрбээр гэрээ хийсэн хойноо “гэнэт новширч”, тоглоомын дүрмэндээ үе үе өөрчлөлт оруулж, гадаадынхны өмчийг нь хураан нийгэмчилж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг Венесуэлиэс бүрмөсөн үргэн дайжихад хүргэжээ.
Уго Чавес нефтийн ордуудыг төрийн хяналтанд авах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Үүнтэй холбогдуулан ард түмэндээ хандаж тэрбээр үг хэлэхдээ “Венесуэлийн нефтийн салбарын хувьчлалын эрин үе төгсгөл боллоо. Нефтийн баялаг ард түмний гарт эргэн орлоо” гэж бахархалтайгаар мэдэгдэж байв.
Дээрх хуулинд зааснаар, Ориноко голын сав газарт олборлолт явуулж буй гадаадын компаниуд нь “хувьцааны 60 хувийг нь Венесуэлийн төрийн мэдлийн PDVSA компани эзэмших гэж буй” шинэ хамтарсан компанийн бүрэлдэхүүнд орж, хяналтын багцаа шилжүүлэн өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчид болох ёстой байлаа. Гэхдээ “бодох хугацаа” гэж 2 сарын хугацаа өгөөд саналыг нь зөвшөөрөхгүй бол Венесуэлиэс гарч явахыг Чавес гадныханд “зөвлөжээ”.
Дашрамд дурдахад, 3 тэрбум тонн газрын тосны нөөцтэй Ориноко бол дэлхийд хамгийн томд тооцогддог орд юм .
Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Венесуэлийн нефтийн ордууд нь олон жилийн туршид төрийн мэдлийн PDVSA компанийн хяналтанд байсаар байгаа бол гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн Ориноко сав газрын бүсэд харьцангуй бие даасан байдалтайгаар олборлолт явуулж байсан аж. 1990-ээд оны үед Венесуэлийн засгийн газар тус ордод гадаадын компаниудыг оруулах болсон шалтгаан нь ордыг ашиглах зардал хэт өндөр, асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байсанд оршино. Харин технологио байнга боловсронгуй болгосоор байсан гадны компаниуд нефтийн ордуудад 17 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, олборлолтоо аажим аажмаар нэмэгдүүлсээр өдөрт 600 мянган баррельд хүргэжээ. Үүнийг анзаарсан У.Чавест гадаадын капиталистуудын мөнгийг “сэгсрэх” бодол төрсөн байна.
Хувьцааны хяналтын багцыг нь шууд дээрэмдэн авах зорилго агуулж буй Чавесын саналаас татгалзсан Америкийн Chevron Corp, ConocoPhillips, Exxon Mobil Corp, Францын Total SA, Норвегийн Statoil ASA, Их Британийн British Petroleum зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниуд Венесуэлийг шууд орхин гарлаа.
Түүнээс гадна, Чавес гадаадын компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 70 доллароос давсан тохиолдолд ашгийнх нь 50 хувийг, 100 доллароос давбал 60 хувийг нь Венесуэлийн төрийн санд хураан авахаар шийдвэрлэсэн нь гадаадынхан Венесуэлиэс гарч явах бас нэгэн шалтгаан болсон юм. Гадныханд өндөр татвар ногдуулах болсон шалтгаанаа Чавес тайлбарлахдаа “гадаадын компаниуд газрын тосны үнийн өсөлтөөс хэт их ашиг олдог боловч Венесуэлийн хөгжилд ямар ч хувь нэмэр оруулахгүй байна” гэж буруутгажээ. Тухайн үед тус улсад ажиллаж байсан гадаадын нефтийн компаниуд хоёр төрлийн татвар төлж байсан бөгөөд роялти буюу нөөц ашигласны татвар нь ашгийн 30 орчим хувь, корпорацийн татвар нь 40-50 хувийн хооронд хэлбэлздэг байв.
Ийнхүү хууль хэрэгжиж, нефтийн салбар нь төрийн мэдэлд бүрэн орсноор Венесуэль улс шинэ маягийн социализмд шилжин орох дардан зам нээгдлээ.
Гадаадынхан дайжин гарсны дараа PDVSA гэдэг төрийн мэдлийн нефть олборлогч компанийн ашгийн ихэнхийг нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулах болсноор 2003-2010 оны хугацаанд хүн амын 49 хувийг эзэлж байсан ядуучуудын тоог 29 хувь болгон бууруулсан нь ард иргэдийн талархлыг хүлээсэн нь ойлгомжтой. Гэвч нефтийн үнэ огцом унаснаар дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой болжээ. Ядуурлыг бууруулсан тухай яриа эрт дээр үеийн дурсамж болон ард хоцров.
Нийгэмчлэх үйл явц эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд гадаадын 500 мянган аж ахуйн нэгж Венесуэлийг орхин гарч явсан гэх тоо бий. Тэдгээрийн дотор онгоцны түлш нийлүүлдэг компаниуд байсан ба нефтийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улсын нисэх онгоцууд түлшгүйн улмаас зогсоол дээрээ өнжиж байв.
Аж үйлдвэр зогсонги байдалд орлоо. Үүнд уурсан хилэгнэсэн У.Чавес “социалист улсын эсрэг хуйвалдаан зохион байгуулж буй капиталистууд”-ыг хараав. Үйлдвэрлэлийн салбар хүнд байдалд орсон нь улмаар хөдөө аж ахуйд халдварлаж, урьд нь кофе, мах экспортолж байсан Венесуэль улс 2000-аад оны дунд үеэс импортлогч болон хувирлаа.
Венесуэль улс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий хямралд автсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан, нефтийн үнэ огцом унасан гэх хоёр үндсэн шалтгаанаас гадна өөр бусад хүчин зүйлтэй холбоотой. Чавес нийгмийн халамжаас гадна төр засгийн үйл ажилллагааг сурталчлахын тулд мөнгийг баруун солгойгүй цацаж байлаа. Эдийн засгийн гол тулгуур болсон нефтийн салбартаа хөрөнгө оруулж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийж эдийн засгаа солонгоруулахын оронд социализм байгуулахад чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдэд PDVSA компанийн олсон ашгийг бараг тэр чигт нь зарцуулж байжээ. Үүний сацуу мөнгө дутагдмагц хилийн чанадаас олон тэрбумаар нь доллар зээлж байв.
Нийгмийн халамжинд мөнгө цацахын зэрэгцээ өөрийгөө Латин Америкийн удирдагч хэмээн төсөөлөн мөрөөдсөн У.Чавес Эквадор, Боливи, Никарагуагийн зүүний хүчний засгийн газруудыг мөнгө хөрөнгөөр харамгүй дэмждэг байсан болой. Түүний санхүүгийн тусламж, хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг нефтийн ачаар Куба улс хагас зуун жил гаруй үргэлжилж буй Америкийн эдийн засгийн хоригийг давж гарав. Колумбын засгийн газрын эсрэг 50 жилийн турш дайтсан хэт зүүний FARC гэдэг байгууллага Чавесаас мөнгө, зэвсэг авч байсан гэдэг.
Ийм маягаар Чавесын явуулж байсан “Боливарын социализмыг байгуулах”, “Америкийн империалистуудыг ялан дийлэх” зорилготой бодлого нь өнөөгийн эдийн засгийн хямралын эх үндэс болж улс орныг туйлдуулан доройтуулжээ.
Хямрал хаяанд ирсэн нь мэдрэгдэж байсан хэдий ч үнэгүй орон сууцтай болж, эмнэлгийн үйлчилгээг үнэгүй хүртдэг болсон ард олон Чавесыг бурхан мэт тахин шүтсэн хэвээр. Чухам үүний учир тэрбээр 1998-2012 оны хооронд болсон бүх сонгуульд ялалт байгуулсан юм. Нийгэм, эдийн засагт хуримтлагдсаар ирсэн ноцтой асуудлууд нефтийн үнийн өсөлтийн халууралд бүдэгрэн дарагдаж, венесуэльчүүд Чавесыг “аугаа мэргэн удирдагч” хэмээн өргөмжилсөөр байлаа.
Азгүй Мадуро
Нэг бодлын талийгаач У.Чавес “маш азтай” хүн бөгөөд түүний үед нефтийн үнэ заримдаа 100 доллароос давж байв. 2004 онд гэхэд тус улсын ДНБ 18,3 хувиар өссөн нь түүх болон үлджээ. 2013 онд Чавес нас барсны дараа түүнийг Н.Мадуро залгамжилж эхлэнгүүт газрын тосны үнэ 4 дахин унаснаар экспортын орлогын 95 хувийг бүрдүүлдэг байсан нефтийн салбарыг маш хүнд байдалд орууллаа. Үнэ огцом унасан тул Венесуэль улс нефтиэ өөрийн өртгөөс нь /нэг баррель нь 23,5 доллар/доогуур үнээр худалдахаас аргагүйд хүрчээ. Үүнтэй зэрэгцээд нефтийн цооногуудын тоног төхөөрөмж элэгдэн хуучирсны улмаас олборлолт буурч эхлэв. Валютын орлого татарснаас үүдэн хүнс, эм зэрэг эн тэргүүний хэрэгцээт барааны хомсдол үүслээ.
Бараа бүтээгдэхүүнийг шударгаар хуваарилах, дамын наймааг дарж авахын тулд хувийн дэлгүүрүүд, агуулахуудад үзлэг нэгжлэг хийж, энэ ажиллагаанд цэргүүдийг дайчилжээ. Үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд Венесуэлийн Төв банк алт болон валютаар баталгаажаагүй цаасан мөнгийг хамаа замбараагүй үйлдвэрлэж эхлэв. Чавесын үед хэрэгжүүлж байсан нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, тэдгээрийн дотор ядуучуудад хоол хүнсийг үнэгүй олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан нь тус улсад гиперинфляци үүсгэлээ.
Үүнтэй зэрэгцээд Венесуэлийн нефтийн 50 хувийг дангаараа худалдан авдаг байсан АНУ жагсагчдын өөдөөс хүч хэрэглэсэн Н.Мадурогийн дэглэмийн эсрэг эдийн засгийн хоригоо чангатгасан нь Венесуэльд хүнд цохилт болов.
Даарин дээр давс гэгчээр 10 жилийн өмнө хөрөнгөө Чавест хураалган нийгэмчлүүлсэн гадаадын компаниудын үүсгэсэн зарга өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Тухайлбал, Америкийн ConocoPhillips компани хөрөнгөө хураалгасны нөхөн төлбөр болох мөнгийг PDVSA компаниас гаргуулан авахын тулд Карибын тэнгист олборлолт явуулж буй тус компанийн хөрөнгийг авахаар шүүхдэж байгаа аж. Олон улсын арбитрын шүүхээс 2 тэрбум долларыг ConocoPhillips-т төлөх шийдвэр гаргасан боловч венесуэльчүүд зөвшөөрсөнгүй. Ер нь бол, хөрөнгийг нь хурааснаас үүдэлтэйгээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүлээсэн нийт 33 тэрбум долларын алдагдлаа PDVSA-гаас гаргуулж авахын тулд америкчууд шүүхэд зарга мэдүүлээд байгаа юм.
Гэтэл PDVSA-гийн олборлолт эрс буурч, ажилчид нь цалин хөлсөө голох болсноос гадна нефтийн ордууд нь Хятад, Оросоос авсан зээлийн барьцаанд орчихжээ. Өнөөдөр Венесуэлийн эрх баригчид өөрсөддөө найдах бус харин гол зээлдүүлэгчид болох Орос, Хятад хоёрт гол найдвараа тавьж байна. Венесуэлийг байнга тэтгэж ирсэн Хятад улс 2008 оноос хойш тус улсад 70 тэрбум долларын зээл олгосон бол оросууд 17 тэрбумыг өгчээ.
50 мянган хувийн инфляци
Хамгийн сүүлийн мэдээллээр, 2018 оны 10 дугаар сараас энэ оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Венесуэльд инфляци 50 мянган хувиар өссөн байна. 2018 онд тус улсын ДНБ 17 хувиар буурсан бол энэ онд 37 хувиар буурах төлөвтэй байна.
Энэ оны 4 дүгээр сард цалингийн доод хэмжээг 18 мянган боливараас 40 мянга /8 ам.доллар/ болгож нэмэгдүүлсэн аж. Гэтэл “Макдональдс” түргэн хоолны газарт хамгийн хямд зууш, ундаа захиалахад 18,5 мянган боливарын үнэтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн цалингаар “Макдональдс”-т хоёр удаа үдийн хоол идэж болох нь. Ийм атал “төсвийнхний хооллодог газар” гэгддэг уг сүлжээ Венесуэльд одоог хүртэл ажилласаар байгаа нь хачирхалтай.
Нэн шинэ түүхийн хуудсыг сөхвөөс, 1960-аад он, 1970-аад оны эхээр Венесуэль улс дэлхийн хамгийн баян орнуудын нэг болж, дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байсан нефтийн 10 хувийг дангаараа олборлон, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр Латин Америкийн орнуудын дотор Чили, Аргентин хоёрын дараа жагсаж байв. Америкийн Флорида дахь наранд шарлагын газрууд венесуэльчүүдээр дүүрч, тэд шоппинг хийж, аялан зугаацахдаа төлбөрөө үндэснийхээ валют болох боливараар хийж байсан “алтан үе” бий. Гэтэл популистууд төрийн эрхийг барьсаар буй 20 жилийн хугацаанд Венесуэль улс үгүйрэн хоосорч, өнөөдөр экспортын орлогынхоо 75 хувийг зөвхөн өрөө дарахад зарцуулж байгаа нь бодит үнэн.
Энэ бол асар их байгалийн баялагтай хэрнээ түүнийгээ зарцуулах менежментийг буруу хийснээс үүдэлтэй гашуун сургамж билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ