Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр ноён Павит Рамачандран томилогдон, ажлаа хүлээн авлаа.
Тэрээр АХБ ба Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах бөгөөд Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлнэ.
Ноён Рамачандран нь бүс нутгийн хэмжээний болон улс орны түвшний олон төсөл хөтөлбөр боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн, төрийн болон хувийн салбарт ажилласан өргөн хүрээний туршлагатай чадварлаг мэргэжилтэн юм. Тэрээр хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, бодлогын болон мэдлэгийн дэмжлэгийг удирдахын зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавхи бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан 23 жилийн туршлагатай.
Ноён Рамачандран нь 2009 оноос эхлэн АХБ-нд төсөл хөтөлбөрийн болон мэдлэгийн бүтээгдэхүүний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт хариуцан ажилласан бөгөөд тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр, бодлогын хэлцлийг тэргүүлж байв.
“АХБ Монгол Улсын Засгийн газартай 28 гаруй жилийн туршид ажилласан урт удаан, нягт хамтын ажиллагааны түүхтэй. Бид улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монгол Улсад үзүүлэх АХБ-ны дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инноваци түлхүү байр суурь эзлэх болно” хэмээн ноён Рамачандран тэмдэглэв.
Энэтхэг Улсын иргэн ноён Рамачандран нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Мэрилэнд Их сургуулийн Төрийн Удирдлагын магистр, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийн Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь АХБ-нд бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөх зэрэг алба хашиж байжээ.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: АХБ