-Сургуулийн удирдлагыг боловсролын сайд биш хотын дарга томилдог гэж хэлснийг хүмүүс буруу ташаа ойлгосон байна лээ-
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох сургууль, цэцэрлэг дутагдалтай байдаг. Гэтэл тэдэнд зориулсан цөөхөн хэдэн сургуулийн багш нар мэргэжлийн бус, чадамж муутай, хүүхдүүдтэй зүй бусаар харилцдаг гэх мэт асуудал сөхөгдөөд байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сурагчид сургуулийнхаа гадаа суулт зарлаж, багш нар хичээл заадаггүй, хийдүүлдэг, сурагчдын сурах боловсрох эрх ноцтой зөрчигддөг гэж мэдэгдсэн билээ. Мөн 116 дугаар сургуулийн сурагчид багш нарын харилцаа хандлагад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн сурах эрхээ эдлэхийн төлөө тэмцэж эхлээд байна. Гэтэл Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын /БСШУС/ сайд Ж.Батсуурь “29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй” гэж нэгэн хэвлэлд ам алдсан удаатай. Боловсролын салбарыг удирдаж, чиглүүлж явах учиртай салбарын сайдад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал хамаарахгүй байх учиргүй гэсэн шүүмжлэл олны дунд өрнөж, БСШУС-ын сайдыг баахан баалсан. Дээрх асуултын хариуг Ж.Батсуурь сайдаас өөрөөс нь тодруулан уншигчдадаа хүргэе.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин нөхцөл, багш нарын ур чадварын асуудал сөхөгдөх боллоо. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Нийслэлийн 29 дүгээр тусгай сургууль бол хотын захиргааны мэдлийн сургууль л даа. Ганц 29 дүгээр сургууль ч биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг зургаан сургууль, нэг цэцэрлэг бий. Тэдгээр сургуулийг багцаар нь орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлыг НИТХ-д хүргүүлсэн. Бид яамны харъяанд оруулахаар ярилцаж байгаа.
-Та яагаад 29 дүгээр сургуулийн асуудал надад хамаагүй гэж хэлсэн юм бэ?
-Би “надад хамаагүй” гэж яриагүй. Нийслэлийн 29 дүгээр сургуулийн захирлыг яагаад чөлөөлсөн юм бэ гэдэг асуудал ярихаар манай яамны шууд харьяа сургууль биш. Нийслэлийн боловсролын газар болон, Нийслэлийн засаг даргын асуудал гэж хэлсэн. Хүмүүс миний ярьсныг зөв ойлгохгүй, гуйвуулсан байна. Сургуулийн удирдлагыг боловсролын сайд биш хотын дарга томилдог гэж хэлснийг хүмүүс буруу ташаа ойлгосон байна лээ.
Төрийн байгууллагыг удирдах дээд шатны байгууллага гэж байдаг. Шат шатны удирдлагууд нь шууд хариуцлага тооцоод явдаг.
-Гэхдээ та бол Засгийн газрын сайд, тэр дундаа БСШУС-ын сайд. Тэгэхээр танд боловсролын салбарт өрнөж байгаа асуудал хамаатай юм биш үү?
-Манай яамнаас ажлын хэсэг гарч 29 дүгээр сургууль дээр ажилласан. Хүүхдүүдийн эрх чөлөөнд халддаг гэх мэт асуудал яригдаж байсан. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай. Тэр утгаараа сургуулийн багш удирдлагууд харьяа дүүргийн цагдаагийн газар өөрсдөө хандсан юм байна лээ. Харин сургалтын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ гэдэг дээр манай ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Сургалтын үйл ажиллагаа боломжийн түвшинд, хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна лээ. Энэ бол аль хэдийнэ шийдэгдсэн асуудал. Харин хотын захиргаанаас захирлын асуудлыг шийдэхээс өмнө бид ажлын хэсэг гаргаад, шалгалт явуулсан. Одоо бол сургуулийн багш нар гомдолтой, хууль хяналтын байгууллагад хандчихаад явж байна.
-Танай яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсруулах, сургах тал дээр цаашид хэрхэн анхаарах вэ?
-Бид онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ бол цогц бодлогын асуудал. Манай яаманд бодлого хариуцдаг мэргэжилтэн ажилладаг. Бид олон улсын байгууллагад хандаж байгаад тусгай хэрэгсэлтэй болгох тал дээр анхаарч байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах мэргэжлийн сургагч багш дутагдалтай байдаг. Хүүхдүүд мэргэжлийн багштай болохыг шаардаж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Боловсролын их сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах багш бэлтгэгдэж байгаа. Одоо нэг анги төгсөнө. Багшлах боловсон хүчнийг тогтвортой ажиллахад бид анхаарлаа хандуулж байгаа. Цаашид энэ асуудал дээр манай боловсролын газар бодлогын түвшинд онцгой анхаарал хандуулж байна. Сургууль нь хотын захиргааны мэдэлд байхаар муу ажиллаж байна, яамны мэдэлд ирэхээр сайн ажиллана гэдэг бол харьцангуй ойлголт. Яамны зүгээс бүх сургууль, цэцэрлэгүүдэд анхаарлаа хандуулж байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллана гэдэг нэлээд бэрхшээлтэй. Тиймээс мэргэжлийн багш нарт цалин урамшуулал ахиухан олгож, чадварлаг багш нарыг тогтоож ажиллуулна гэдэг бодлогын түвшинд ярих асуудал болов уу?
-Тусгай сургуулийн орон тоо жирийн сургуулийн орон тооноос хэд дахин илүү байдаг. Санхүүжилт, цалин хангамжийн хувьд ч бусад багш нараас өндөр байдаг.
Эх сурвалж: Т.Давааням
news.mn