АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комигоо огцрууллаа. Цагаан ордны мэдэгдлээс үзэхэд Трамп Ерөнхий прокурор Жефф Сешнс, түүний орлогч Род Розенстины зөвлөгөөгөөр энэ алхмыг хийсэн гэнэ. “Өнөөдөр Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комид цаашид ажиллах хэрэггүй болсон, албан тушаалаас нь халсан гэж мэдээлсэн” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
“Холбооны мөрдөх товчоо бол манай улсын хамгийн хүндэтгэж үзүүштэй, чухал байгууллагын нэг. Өнөөдөр манай хууль сахиулах системийн чухал бахархлын үе ирээд байна” хэмээн Трамп хэлсэн байна. Коми Холбооны мөрдөх товчоонд Трампын сонгуулийн штабын гишүүдийг Оростой холбоотой байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг тэргүүлж байсан юм.
Трампын Холбооны мөрдөх товчооны тэргүүнд илгээсэн захидалд түүнийг “товчоог үр дүнтэй удирдах чадваргүй” гэж тэмдэглэжээ. Захидлыг авах үедээ Коми Лос-Анжелест хамт ажиллагсдадаа Холбооны мөрдөх товчооны шинэ ажилтнуудыг хөлслөх аян эхлэхийн өмнөх мэдэгдлийг хийж байсан юм. Түүнийг үг хэлж байх үед нэг туслах нь Ерөнхийлөгчийн халсан тухай захидлыг авчирсан байна. Захидалтай танилцсан тэрбээр энэ тухайгаа цугласан олонд нэн яаралтай мэдэгджээ.
Э.МӨНХЗАЯА