[starbox]
Өмнөд Солонгосын шинэ удирдагчаар АНУ-ыг сохроор дагахгүй байхыг уриалагч улстөрч тодорлоо. Шинэ Ерөнхийлөгч Мүн Чэ Ин газар нутагтаа Америкийн пуужинг эсэргүүцэх хамгаалалтыг байрлуулахыг уриалж буй бөгөөд Бээжинг Вашингтоноос дутахааргүй чухал холбоотон хэмээн нэрлэж байгаа юм. Мүний сонгуулиас өмнө өгсөн амлалтуудын дунд хойд солонгосчуудтайгаа “нарны гэрлийн бодлого”-ыг сэргээх асуудал ч багтжээ. Өөрөөр хэлбэл БНАСАУ-тай цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой байна гэсэн үг.
Өмнөд Солонгост мягмар гарагт Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өндөрлөлөө. Сонгогчдын ирц харьцангуй өндөр буюу 77.2 хувьтай явагдсан тус сонгуульд зүүний Ардчилсан “Тобуро” намаас нэр дэвшигч Мүн Чэ Ин 41.1 хувийн саналаар ялалт байгуулжээ. Энэ талаар Үндэсний сонгуулийн комиссын мэдээлэл баталж байна. “Мүн Чэ Ин сонгогчдын 41.4 хувийн санал авч, тус улсын шинэ Ерөнхийлөгч боллоо. Түүнд 13.4 сая хүн саналаа өгчээ. Хоёрдугаар Хон Чун Пхё орсон байна. Түүнийг 7.85 сая сонгогч буюу 24.03 хувь нь саналаа өгчээ” хэмээн тэмдэглэжээ.
Мүн өчигдөр парламентад тангаргаа өргөж, ажлаа шууд хүлээн авсан байна. Тэрбээр хамгийн түрүүнд шинэ Ерөнхий сайдаа томилжээ. Түүний томилсноор Засгийн газрын тэргүүнээр Чолла-Намдо мужийн амбан захирагч 65 настай Ли Нак Ён ажиллах аж.
“Хэрвээ Мүн сонгуулийн өмнөх амлалтдаа хүрвэл ойрын хугацаанд THAAD нь хоёр орны маргааны гол сэдэв болно”
Ийнхүү Өмнөд Солонгос улсын түүхэнд хоёр дахь удаагаа консерваторуудын засаглалыг тасалдуулсан тохиолдол гарлаа. Мүний хувьд өмнө нь Но Му Хен Ерөнхийлөгч (2003-2008)-ийн үед төрийн тэргүүний засаг захиргаанд ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр 2012 оны өмнөх сонгуулиар 48 хувийн санал авч, өрсөлдөгч Пак Кын Хэгээсээ багахан хувийн зөрүүтэйгээр ялагдаж байсан. Мүнийг дэмжигчид түүнийг засгийн эрхэнд гарсан энэ үйл явдлыг тус улсад эрс өөрчлөлтийн үе ирлээ гэж харж байна.
Хойдуудад “нарны гэрэл” амлав
Шинэ Ерөнхийлөгчийн гадаад чухал бодлогод БНАСАУ-ын асуудал оржээ. Мүн Чэ Ин энэ асуудалд эрс шийдэмгий эргэлт хийхээр төлөвлөж байна. Түүний хувьд Хойд Солонгост хориг тавихыг хүлээн зөвшөөрч байгаа ч зөвхөн энэ аргаар зөрчилдөөнийг зохицуулах, Пхеньяныг цаашид цөмийн хөтөлбөрөө нэмэгдүүлэхээс татгалзуулах боломжгүй гэж үзэж буй. Ардчилагч энэ эр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай шууд яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Зөвхөн хэлэлцээр, дээр нь Хойд Солонгосын эдийн засгийн гэрээ хэлэлцээ хийх сонирхол л тулгамдаж буй асуудлыг намжааж, Пхеньяныг цэрэг зэвсгийн бодлогоосоо татгалзахад ятгуулж чадна гэжээ.
Ийм учраас шинэ Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны БНАСАУ-д хандаж буй хатуу шүүмжлэлийг эрс буруушааж байгаа юм. Мүн АНУ-ыг Өмнөд Солонгосын чухал холбоотон, өөрийгөө “АНУ-ын нөхөр” гэж нэрлэдэг ч Сөүлийг Вашингтонд “үгүй” гэж хэлж сурах ёстой хэмээжээ. Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргүүд хэтэрхий олон байна гэж тэр үздэг.
Эндээс үзэхэд Мүний ялалтыг дагаад Америк-Өмнөд Солонгосын харилцаанд хүнд үе эхэлж байна гэж ойлгож болох юм. Магадгүй Сөүл Вашингтоны зааврыг ягштал дагадаг үе төгсгөл болж ч мэднэ.
Трамп Мүнд санаандгүй түлхэц өгчээ
Америкийн цэргүүд олноор ирэх болсон нь Өмнөд Солонгосын хүн амын олонх хэсгийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Тус улсын дотоод бодлогод АНУ ихээр хутгалдан орж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд эрс нэмэгдэх болжээ. Үүнийг нотлох гэсэн мэт сонгууль болдог өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний крейсер хөлөг онгоц Өмнөд Солонгосын загасчлалын онгоцтой мөргөлдсөн билээ.
Ялангуяа Өмнөд Солонгосын иргэд THAAD пуужинг эсэргүүцэх хамгаалалтыг газар нутагт нь байршуулах болсонд дургүйцлээ илэрхийлсээр байна. Хэрвээ Мүн сонгуулийн өмнөх амлалтдаа хүрч чадвал THAAD нь ойрын хугацаанд хоёр орны маргааны гол сэдвийн нэг болох аж. Мүн Чэ Ин гол өрсөлдөгч асан Ан Чоль Сугаас ялгаатай нь пуужингийн системийг дэлгэрүүлэх нь Сөүлийн ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэж байна. Яг үнэндээ Мүн Америкийн радарыг улс орноосоо хөөж гаргана гэж шууд хэлэхгүй байгаа юм. Түүний хувьд АНУ-тай энэ асуудлаар шинэ хэлэлцээр хийж, байршуулах нь зүйтэй эсэхийг судална гэдгээ амлажээ.
Гэхдээ америкчууд эрсдэл хийхгүй байхаар шийдсэн бололтой, энэ зун л байршуулахаар төлөвлөж байсан THAAD системээ өнгөрсөн дөрөвдүгээр сард байрлуулахаар яаравчилжээ. Ингээд Пентагон сонгуулийг ч хүлээлгүйгээр энэ сарын 2-нд радарыг ашиглалтад оруулсан юм. Үүний зэрэгцээ Трамп энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө Сөүлээс радарын хэдэн тэрбум ам.долларыг төлөхийг шаардахад Америкийн талыг баримталдаг Өмнөд Солонгосын Засгийн газар олны өмнө татгалзсан хариу өгсөн байна. Магадгүй Трамп энэхүү болхи үйлдлээрээ Мүнийг сонгуульд ялахад илүү түлхэц өгсөн ч байж болох юм.
АНУ-тай пуужинг эсэргүүцэх хамгаалалтын асуудлаар аль хэдийнэ хийгдсэн гэрээгээ дахин харах нь хэцүү асуудал ч Мүнд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж байсаар байна. Түүний энэхүү зөрүүдлэлд Хятадаас албан ёсоор хориг арга хэмжээ авах нь чухал болоод байгаа юм. Тус улсын хувьд THAAD-ыг үндэсний аюулгүй байдлынх нь гол аюул заналхийлэл хэмээн үзэж, өнгөрсөн жилээс хариу арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүний улмаас Сөүл хэдэн тэрбум ам.доллараа алдсан билээ. Мүн Бээжинг Вашингтоноос дутахааргүй холбоотон хэмээн үзэж байгаа. Тиймээс Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэхийг шаардаж байгаа юм. Түүний хувьд АНУ-д тааруулан БНХАУ-тай харилцаа муутгах нь буруу гэж үздэг.
Үүнээс гадна шинэ төрийн тэргүүн Хятадын санал болгож буй БНАСАУ-тай “солилцох” хувилбарыг судлаад үзэхэд буруудахгүй гэдэг. Энэ бол Сөүл Вашингтонтой цэргийн хамтарсан сургуулилт хийх, Америкийн пуужинг эсэргүүцэх хамгаалалтыг байршуулахыг татгалзсаны хариуд Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзуулж болно гэсэн хувилбар. Мэдээж энэ хувилбар АНУ-д огт ашиггүй. Энэ нь Ази-Номхон далайн бүс дэх Вашингтоны нөлөөллийг эрс бууруулж, Бээжингийн нөлөөллийг нэмэгдүүлэх юм.
Олигархиудтай тэмцэнэ
Мүн Чэ Иний дотоод бодлогыг авч үзвэл тэрбээр авлигатай тэмцэхэд гол анхаарлаа хандуулна гэжээ. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Пак Кын Хэг энэ асуудлаар эрс шүүмжилсэн. Үүнээс гадна тэрбээр эдийн засгийн шинэчлэл хийхээ амласан байна. Энэ хүрээнд тангараг өргөх сүр дуулиантай ёслолоос ч татгалзжээ.
Мүн эдийн засгийн шинэчлэлийн бодлогодоо нөлөө бүхий гэр бүлүүдийн хяналтад байдаг санхүү, аж үйлдвэрийн эрээвэр хураавар зүйлсийг ил гаргана гэжээ. Үүнээс гадна Мүн залуучуудын дундах ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт зогсонги, улсын өр нэмэгдэж буйтай тэмцэхээр болжээ.
Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль долоон сарын өмнө болсон гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Үүний гол шалтгаан нь өмнөх Ерөнхийлөгч Пак Кын Хэ авлигын хэрэгт сэжиглэгдэн түүхэндээ анх удаа үл итгэл үзүүлэх асуудлаар огцорсон билээ. Сонгуульд нийт 13 хүн нэр дэвшсэн ч зүүнээс Ардчилсан намын Мүн Чэ Ин, зүүний төвөөс Ардын намын Ан Чоль Су нарын хооронд гол тэмцэл өрнөсөн байна.