-ХОТГОР ШАНАГЫН НҮҮРСНИЙ ОРДЫН 51 ХУВИЙГ СОЛОНГОСЧУУДАД
ЗАРСАН ЭСЭХИЙГ НЬ ТОГТООЛГОНО-

Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс Авлигатай тэмцэх газраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт зааснаар буруутгаж буй гэсэн мэдээлэл байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг: Авлигын гэмт хэрэг, 22.1 дүгээр зүйл.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах:

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заажээ.


-НӨӨЦИЙГ НЬ ДАРЖ, 68 САЯ ТОННЫ НӨӨЦТЭЙ ГЭЖ ТОГТООЛГОСОН УУ-

Эх сурвалжийн хэлснээр, нэхэмжлэгч тал сайд Ч.Хүрэлбаатарыг Хотгор шанагын нүүрсний уурхайг наймаалсан гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шалгуулах хүсэлт гаргасан байна. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн байхдаа Ч.Хүрэлбаатар тус ордын 51 хувийг Солонгосын компанид зарж, мөнгөө төрсөн ах дүүс болох Ч.Гансүх, Ч.Гантулга, туслах дотны найз Б.Дэмбэрэлийн хувийн дансаар шилжүүлэн авсан гэх баримтууд хэвлэлээр дэлгэгдсэн билээ. Тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Солонгосын банкнаас Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 338,323,05$, мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00$, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132,353.00$, нийт 1.078.122$, энэ нь одоогийн ханшаар бол 2.641.398.9 төгрөг аж.

Хотгор шанагын нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоожээ. Гэтэл Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулалгүй авч үлдэн, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсны улмаас ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгосон гэдэг.

Уг нь тус уурхайн нийт талбай 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн, судалгаа хийгдээгүй газар нутаг дахь нүүрсний нөөц нэлээд их, ашигласан тохиолдолд дэлхийн хэмжээний уурхай болох магадлал өндөр гэсэн мэдээлэл байдаг.

Д.ТУЯА

Эх сурвалж: Medee.mn

By updown

7 thoughts on “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн