Ирэх лхагва гарагт 51 насны төрсөн өдрөө тэмдэглэх С.Баярцогтод энэ долоо хоног тун хүндхэн эхэлжээ. Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь 1.85 сая амдолларын үлдэгдэлтэй дансыг царцаасан. Учир нь энэ дансыг “Рио Тинто”-гоос Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан гэж Швейцарийн ерөнхий Прокурорын газраас мэдэгдсэн тухай олон улсын нэр хүндтэй ‘Ройтерс’ агентлаг мэдээлсэн юм.
Энэ шуугиан Монголын хэвлэлээр цацагдахтай зэрэгцэн АТГ-аас С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд Швейцарьт битүүмжилсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Түүнчлэн Ардчилсан намынхан С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг удирдлагадаа гаргаж, С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хасахаар болсон.
Уг нь С.Баярцогт 23-хан настайдаа Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутатын албыг хашиж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, УИХ-ын дэд дарга хүртэл дэвшиж байсан билээ. Гэвч оффшорчин гэх “цол”-ыг анхлан хүртэж, тухайн дансаа нээлгэхдээ өөрийгөө урд хөршийн иргэн хэмээн бүртгүүлсэн нь илэрснээр нэр хүнд нь уруудсан. Ийн сайн болон саар нэрээрээ трэнд болсон эрхэм улстөрч ярилцлага, тайлбар, тодруулга авахаар эрэл сурал болсон хэвлэлийнхний өмнө өчигдөр өөрөө гараад ирлээ. С.Баярцогт гарсан бүх мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд “Ройтерс”-ийн мэдээ маш учир дутагдалтай гэж мэдэгджээ. Тэрхүү мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцааны үнэ унасан. Тэгэхээр бүүр “цаад эзэн”-ий ашиг сонирхол явж байна гэж тайлбарласан.
Энэ бодлоо “Оюу толгойн гэрээ 2009 онд зурагдахад Стамбулд ОХУ “Монгол их хэмжээний өртэй” гэсэн мэдээлэл хийж байсан. Монгол Улсын эрх ашгаа бид цэрэг зэвсгээр биш, эдийн засгаар хангана. Энэ гэрээний ашиг Монголд ямар ч хөрөнгө анх гаргахгүй, гэрээ хийгдсэнээс хойш татвараа шууд төлж эхэлсэн. Оюутолгойн гэрээ “ноу-хау” ажлын туршлагыг түгээж байна. Олон хүн ажлын байртай болсон байна. Эдийн засгаар үнэлэгдэхгүй олон давуу тал бий. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон томоохон төслийг нэр хүндийг унагаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн хүсэл сонирхол гадны улс орон, компаниудад үргэлж байдаг” гэсэн үгээр бататгав. Мөн Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газар түүнтэй холбогдох хэргийг шалгаж байгаа тухайд айх бус баярлаж хүлээн авч байгаа гэдгээ хэлсэн. Учир нь Монголчу уд дотоодын хуулийн байгууллагын шийдвэрт итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээршалгалтаар бүх зүйл тодорхой болно.
Оюу толгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна гэлээ. С.Баярцогт хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухаан, бизнесийн бүрэн чадвартай гэдгээ тодотгосон. Мөн “Хувь хүнд их хэмжээний мөнгө хэрэггүй. Аз жаргалтай амьдрах нь өөрийн хүсэл зоригоос хамаарна” гэх баримталдаг зарчмаа илэрхийлсэн. Түүнчлэн “2009 онд Оюутолгой төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажилласан. Гурван парламент, дөрвөн Засгийн газар дамжаад хийж чадаагүй гэрээг би хийж чадсан. Миний хажууд нэг ч сайд, УИХ-ын гишүүн байгаагүй. Өөрийнхөө улс төрийн карьераар золиос хийж байж улс орон хөгжинө. Энэ гэрээг хийснээр зөвхөн эдийн засгийн хүрээнд үнэлж болохгүй олон давуу тал бий болсон. Сайн ч гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн. Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг гурван тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан” гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Швейцарийн банкин дахь данстай холбоотой мэдээллээр “Би 1996 онд Германд сургууль төгсөөд ирэхдээ 20 мянган дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны монгол оюутан. Дараа нь 2001 онд би Колумбын их сургуульд сурахдаа 70 гаруй мянга ам.долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлж хийхээр болж, Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая өврог Швейцарьт нээлгэж байсан данс руугаа шилжүүлүүлсэн. Эдний нэг Данс нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлэн татсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарьт ямар нэгэн данс байхгүй” гэсэн юм. Харин АН-ын экс гишүүн намынхаа тухайд “Ардчилсан намын гаргасан шийдвэр бол эмгэнэлтэй.
Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна” хэмээн тайлбарлав. Мөн “Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шапгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас АТГ-т шалгуулж байна. Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичээгүй байсан. Үүний төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаас огцорсон. Би хуульд зааснаас өндөр арга хэмжээ өөр дээрээ авсан гэсэн юм.
С.Баярцогт хэвлэлийн хурлын төгсгөлд “Түүнчлэн хууль хүчний байгууллага дээр шалгагдаж буй асуудлууд цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсч байна. Үнэхээр надад буруу байна гэж хариуцлага тооцох юм бол би нэр төртэй үүрнэ” хэмээн “баатарлагаар” мэдэгдсэн. Ийн Монголын улс төрийн түүхэнд Сангажавын Баярцогт хэмээх улстөрч орших уу, эс орших уу гэдгийг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газар шийдэх нь. Мөн одоо хэрэгжиж буй Оюу толгойн гэрээ орших эс орших нь ч энэ багийн мөрдлөг шалгалтаас хамаарах нөхцөл байдал үүслээ. Учир нь Монгол Улс Оюу толгой компанийн 34 хувийг эзэмшиж байгаа бол үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тюркойз Хилл” компани эзэмшдэг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон ‘Рио Тичто’ компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарт авлига өгсөн бол Оюутолгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангагдана гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин