“Би бол бурхан. Миний амьдралын хамгийн том эмгэнэл бол би өөрийнхөө тоглолтыг хөндлөнгөөс хэзээ ч харж чадахгүйд оршдог” хэмээн Канье Уэст хэлж байлаа. Агуу ихийн дон туссан алдартнуудын тухай өгүүлье.
Канье Уэст
“Эхлээд Канье тэнгэр, газрыг бүтээсэн юм”. Энэ үгээр Уэстийн фанатуудад зориулан 2015 онд гаргасан Библи эхэлдэг юм. Энэ Библи дээр Бурхан гэсэн нэрийг Канье болгон өөрчилжээ. Дуучин эр шүтэн бишрэгчдийнхээ тоглоом шоглоомыг ноцтойгоор хүлээн авч, өөрийгөө багагүй удаа бурхны зэрэгт аваачиж байсан юм. Номоо гаргаснаас нь хойш хэдэн сарын дараа Уэст хүүтэй болж, түүндээ Saint (Ариун) гэсэн нэр хайрлажээ. Каньегийн хувьд өмнө нь өөрийгөө ингэж дээгүүр өргөмжилж байсан юм. 2013 онд тэрбээр цомог гаргахдаа өөрийгөө мөн л Бурхан хэмээн нэрлэж, бурхны хүү, цомгоо Yeezus гэж нэрлэжээ. Өөрийгөө ингэж өргөмжилсөн бас нэг эшлэл нь байдаг. “Би бол бурхан. Миний амьдралын хамгийн том эмгэнэл бол би өөрийнхөө тоглолтыг хөндлөнгөөс хэзээ ч харж чадахгүйд оршдог” хэмээн нэгэн удаа хэлж байсан түүхтэй.
Бейонсе
Хэн нэгэн л зогсоохгүй бол Бейонсе агуу ихийн донгоороо Канье Уэстийг мөд гүйцэх нэгэн юм. Тэрбээр хүүхдүүдээ арай ч ариун, гэгээнээр нь нэрлэхгүй ч өөрөө бол Гэгээн Марияг байнга дууриаж, шашны зургууд дээрх шиг Дарь эхтэй төстэй хувцас, титмээр гангардаг. 2017 оны “Грэмми”-ийн наадмаар тайзан дээр титэм бүхий алтан даашинз өмсөн гарч ирж, эгээтэй л хувилгаан сахиус амилаад ирчихэв үү гэмээр харагдсан. Хоёр ихэр охид болох Руми, Сэр нараа ч ийм стилиэр хувцаслаж, Инстаграмд зургийг нь тавьсан нь яг л Сандро Боттичеллийн “Мария хүүхдэд мөргөсөн нь” зурагтай гайхмаар адилхан болсон юм.
Бейонсе анхандаа энгийн хатан хааны стилиэр эхэлсэн билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, авьяас билгийг нь үнэлсэн хүмүүс “Хатан хаан Би” хэмээх цол хайрласан. Гэвч Бейонсед энэ нь багадсан уу, яасан бэ, жил ирэх тусам шатаа ахиулсаар бурхны зэрэг очих болжээ. “Надад Бурхнаас өгсөн авьяас бий. Энэ нь намайг бусад бүх хүнээс ялгаж салгаж өгдөг юм” хэмээн Би хатагтай ярьсан байна.
Жей Зи
Бейонсегийн өөрийгөө өргөмжлөх хандлагад нөхөр Жей Зи нь нэгддэг. Тэрбээр нөлөө бүхий найз нөхөд, олдог орлого, мэдээж авьяас билгээ байнга сануулж, гайхуулдаг гэхэд болно. “Хэтэрхий бардам сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ намайг хаа ч очсон миний зүгээс сайн сайхан зүйлс ундарч байдаг юм” хэмээн Жей Зи өөрийнхөө тухай ярьжээ.
Рианна
Рианна гартаа үргэлж хундага оргилуун дарс барьчихаад, ихэмсэг харц шидлэн суудаг. Фанатууд нь хүртэл түүнийг ярвагар гэдгийг мэднэ. Рианна шүтэн бишрэгчдэдээ бүдүүлэг хандаж, тоглолт дээрээ хоцорч, таалагдахгүй л бол хараал ерөөл урсгаж, шагналыг нь төлсөн арга хэмжээнд байхдаа хүртэл өөрийг нь ирсний төлөө хувь заяанд хором мөч бүхэнд талархах ёстой юм шиг зан гаргадаг. Рианна бусдын амжилтад баярлаж чаддаггүй. 2017 онд “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэрээ тэрбээр архитай талст цацсан сав барьсаар ирсэн. Тайзнаас ээлжит номинацийн ялагчийг зарлах тоолонд РиРи тэндээсээ том том болгож, үйлдэл болгоноороо энэ шагналыг өөрөө хүртэх ёстой байсан гэдгээ харуулж байлаа. Энэ орой Рианна гар хоосон гэртээ харьсан юм.
Мэрай Кэри
10 гаруй жилийн өмнө Мэрай Кэригээс Женнифер Лопес ямар санагддаг вэ асуухад тийм хүн байдаг гэж мэдэх ч үгүй хэмээн хариулж байсан удаатай. Тэрбээр орчин цагийн хамгийн агуу од, түүний хоолойн дэргэд бусдын дуу хоолой бол өчүүхэн гэдэгт игэлтэй байдаг. Жей Ло-д ч тэгж л ханддаг. Саяхан Мэрайгаас Женниферийг мэдэх үү гэж асуужээ. Тэгтэл “Би юм тогтоохдоо муу. Бид хэд хэдэн удаа уулзаж байсан байх. Гэхдээ би түүнийг мэдэхгүй” гэж дахин хариулжээ.
Мэрай алтан бариултай сантехник, өөрийнх нь болон нохдынх нь угаалгын өрөөг эрдэсжүүлсэн усаар дүүргэсэн байх, нүүр будах өрөөнийх нь шалыг сарнайн дэлбээгээр бүрхсэн байх, мөн тайзандаа гарахын өмнө бохь өгөх тусгай хүн байх зэргийг шаарддаг байна.
Мэрай өөрийнх нь авьяас билгээр яагаад кино хийхгүй байгааг ойлгохгүй олон жил явжээ. Ингээд хүлээж залхаад, 2017 оны долдугаар сараас өөрийнхөө агуу амьдралын тухай намтар кино бүтээхээр болсноо зарласан юм.
Линдси Лохан
Линдси Лоханы карьер 2007 онд дууссан юм. Архи, мансууруулах бодист дурлах болсноор тэрбээр эргээд нэр хүндээ олж авч чадахааргүй болжээ. Энэ явдлаас хойш 10 гаруй жил өнгөрсөн ч тэрбээр тэргүүн нүүрэнд залардаг од байсан үе нь аль хэдийн өнгөрсөн гэдэгтэй эвлэрч чадаагүй л явна. Линдси байн байн дураараа аашилж, өөрийгөө дива мэт бодож явдаг. Үүнээсээ болоод байнга төслүүдээс хөөгдөж, шинэ төсөлд ч дуудагдахаа больж, санхүүгийн байдал нь улам л хүндэрчээ. Тэгсэн ч гэсэн тавьдаг шаардлагууд нь улам нэмэгдсээр. 2016 онд түүнийг Оросын алдарт ток-шоунд урьтал хувийн онгоцоор авах, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах, мөн 50 мянган ам.долларын шагнал шаарджээ. Энэ гурван заалтаар нь түүнд татгалзсан хариу өгсөн боловч Линдси өөрөө хүрээд ирсэн байна.
Женнифер Лопес
Женнифер Лопесыг хамгийн маягтай, шаардлага өндөр од гэж нэрлэдэг. Түүний тавьдаг шаардлага маш их. Нүүр будалтын өрөө нь хананаасаа эхлээд буйдан, лаа, венецийн болор ваартай сарнай гээд цөм цагаан өнгөтэй байх ёстой. Хөлдөөсний дараа хайлуулсан ус л уудаг. Гэхдээ бусад алдартнаас ялгаатай нь тэрбээр зөвхөн өөрийгөө төдийгүй багийнхныг нь халамжлах шаардлага тавьдаг. Түүний өндөр шаардлагын ачаар багийнхан нь тоглолтоос тоглолтын хооронд хувийн онгоцоор, эсвэл дээд зэрэглэлээр нисч, хамгийн тансаг зочид буудалд буудалладаг байна. Үүнийхээ төлөө түүнийг өршөөж болохоор аж.
Эх сурвалж: apostrophe.ua