Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн Бааст голын баруун эргийн шавраас эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, дээрх хэргийн дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.10.16/ 11.30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж, тус сумын харьяат, 63 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг шавраас гаргаж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Талийгаачийн үхэл гадны нөлөөтэй эсэхийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтооно.
Эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төв цэвэрлэх байгууламжийн насос станцын хоёрдугаар шүүлтүүрт 40-45 насны эрэгтэй хүний цогцос урсаж ирсэн хэрэг гарсан. Шалгалтын явцад талийгаач гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэж албаны хүмүүс мэдээлж байсан билээ.