Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Сирийн хойд хэсэгт явуулж байгаа байлдааны ажиллагаагаа зогсоох АНУ-ын уриалгыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрээр Азербайжан улсыг зорин нисэх замдаа онгоцон дотор зарим хэвлэлүүдийн сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.
“Тэд галаа зогсоохыг шаардаж байгаа. Бид хэзээ ч террористуудтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй, хэзээ ч галаа зогсоохгүй” гэж Эрдоган мэдэгджээ.
Тэрээр цааш нь ярихдаа “Тэд байлдааны ажиллагааг маань зогсоохын тулд хориг зарлаж байна. Манай зорилго тодорхой. Бид ямар ч хориг шийтгэлээс айхгүй” гэсэн юм.
Өчигдөр Сирийн засгийн газрын цэрэг Туркийн хилд ойр оршдог Манбиж хотод хяналтаа тогтоосон. Саяхныг болтол энэ хотод АНУ-ын цэргийн бааз байрлаж байсан юм. Трамп эндээс цэргээ татсаны дараа АНУ-ын орон зайг нөхөхөөр Оросын тал идэвхтэй ажиллаж байгаа.
Өчигдөр ОХУ цэргийн цагдаагийн хүчээ Манжибт нэвтрүүлж, Турк, Сирийн армийн хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх ажлыг эхлүүлжээ.
Оросын анги нэгжүүд Турк, Сирийн зэвсэгт хүчнийг зааглаж буй хэсэгт эргүүл хийж эхэлснийг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлсэн юм.
Сирийн асуудал хариуцсан ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Александр Лаврентев хэвлэлд ярихдаа Турк-Сирийн хооронд мөргөлдөөн гарахыг Москва огт зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Өчигдөр бас АНУ-ын засаг захиргаа дэд ерөнхийлөгч Майк Пэнс, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарыг Анкара хот руу илгээж, Туркийн талтай хэлэлцээ хийлгэхээр болсноо зарласан байна.
Хэрвээ яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Дональд Трамп Туркийн эсрэг эдийн засгийн хатуу хориг зарлахад бэлэн болоод байгаа.
Харин Туркийн ерөнхийлөгч Эрдоган өчигдөр ярихдаа АНУ-ын хориг болон ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн армиас айлгүйгээр зорилгоо биелүүлнэ гэж мэдэгджээ.
Тус улс Сирийн хилийн гүнд 30 км хүртэл зайд аюулгүй бүс байгуулж, Туркийн нутагт одоо байгаа Сирийн дүрвэгчдийг байрлуулах зорилготой байгаа юм. Үүний тулд Анкара хил орчмын бүс нутгаас Сирийн Курдын зэвсэгт бүлэглэлийг хөөн гаргах байлдааны ажиллагаа явуулж эхлээд долоо хонож байна.
Эх сурвалж: CNN