Энэ оны хамгийн хүчтэй гэгдэж буй “Хагабис” 19 дэх хар шуурга энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Япон Улсын төв хэсэг буюу Тоокай, Канто бүсээр дайран өнгөрсөн билээ.
“Тус улсад манай улсын 9,700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй” хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
“Хагибис” 19 дэх хар салхи Япон Улсын төвийн бүс, Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужуудын нутаг дэвсгэрийг дайрсан юм.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр энэхүү хар салхи нь сүүлийн 25 жил тохиолдож байгаагүй хүчтэй хар салхи байв. Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Дээр дурдсан мужуудад 14-ний өдрийн 16:16 цагийн байдлаар 43 хүн амь насаа алдаж, 16 хүн сураггүй болж, 202 хүн гэмтэж бэртсэн хэмээн NHK мэдээлжээ.