Цагаан таяг нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй, тусламж шаардлагатай хүмүүс байгааг сануулсан тэмдэг юм. Хараагүйн бэлгэдлийн энэ тэмдэг 1921 оноос эхлэлтэй. Британийн Бристол хотод мэргэжлийн гэрэл зурагчин залуу Жеймс Биггс амьдарч байлаа. Тэр азгүй тохиолдоор сохорчээ. Амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй болсон залуу таягны тусламжтайгаар хотоор явж сурсан байв. Гэхдээ хар өнгийн таягт нь хүний анхаарал төдийлөн хандахгүй байгааг мэдээд цагаанаар будуулжээ. Удалгүй Англи төдийгүй Европ, Америкийн хараагүй хүмүүс цагаан таяг хэрэглэх болжээ.
Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах цагаан таягтнуудын олон улсын өдрийг анх 1970 онд бий болгожээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн байна. Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хараа муутай хүн байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай иргэд байна.
Харин Монгол улсын хэмжээнд 2019 оны байдлаар 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Хараа муудалтын шалтгаан жил бүр залуужиж хүүхэд залуус ихээр өртөх болсон. Иймд дээрх өдрүүдийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран янз бүрийн арга хэмжээ явуулж байна.
Монголд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог цорын ганц 116 дугаар сургууль байдаг. Дэлхийн цагаан таягтнуудын өдөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эгэл жирийн хүмүүстэй зэрэгцэн амьдарч буйг сануулах өдөр юм.