Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв.
2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Мөн 35 сая. ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хот, Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхлаа.