Хүүгээ бусдын гарт цаг бусаар алдсан иргэн Б.Нямхүү өнөөдөр /2019.10.07/ мэдээлэл хийлээ.
“Би хүүгээ алдаад хоёр жил хагас болж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийг үнэн зөвөөр мөрдөж шалган шийдэж өгөөч гэж эрээн цаас барьж холбогдох байгууллагуудаар их ч явлаа. Гэвч хууль хяналтын байгууллага хохирогчийн үгийг сонсдоггүй өөрсдийнхөө эрх мэдлээр далайлгаж хуулийг ашигтай тал руу эргүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.
Миний хүү Г.Батхүү 26 насандаа 2017 оны гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хоёр залууд зодуулж амиа алдсан. Хэрэг гардаг өдөр Цэргийн баяр тэмдэглэнэ гэж гэртээ байсан хүүхдийг найзууд нь дуудаж авч гарсан. Улмаар шөнийн цэнгээний газар хэрүүл, зодоон үүсгэсэн найзуудыгаа өмөөрч, салгах гэж яваад миний хүү амиа алдсан. Танихгүй хоёр залуу хүүгийн минь толгойн тус газарт олон удаа цохиж, сүүлдээ ширээний тавцан модоор толгой руу цохиход ухаан алдсан. Тэдний үйлдэл нь камерын бичлэгт бичигдсэн.
Үхлийн шалтгаан нь “Тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэхүү гэмтэл нь савж унах үед үүсэх боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан бол бүтэн зургаан сар хүлээлгэж гарсан шинжээч эмч нарын дүгнэлт нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэн “Зөвхөн савж унах үед үүсэх гэмтэл” гэж гарсан. Хууль хяналтын байгууллага сүүлийн дүгнэлт дээр үндэслэн бүлэг хэргийг ганц хүний хэргээр зүйлчилж нөгөө хүнийг нь ял завшуулчхаж байгаа юм.
Шүүх эмнэлгийн эхний дүгнэлтийг энгийн эмч нар гаргасан бол хоёр дахь дүгнэлтийг цагдаагийн шинжээч эмч нар гаргасан. Хэргийн ганц нотлох баримт болох камерын бичлэгийг мөрдлөгт гол нотлох баримт болголгүйгээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хэрэгтнүүдийн мэдүүлэг дээр үндэслэн мөрдөн байцаах ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дөрөв, нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хоёр, одоо улсын дээд шүүхээр хоёр дахь удаагаа орох гомдлоо би гаргачхаад байж байна.
Бүлэг гэмт хэрэг гэдгийг нотлох камерын бичлэг байсаар байхад шүүхээс бүлэг хэрэг биш нэг хүний хэрэг гэж үзээд Ч-д 11 жилийн хорих ял оноож, М-ийг цагаатгасан. Бүтэн долоон сар хэргийг нэмэлт байцаалтад буцаах нэрийдлээр хав дарчхаад шүүх рүү шилжүүлэхэд хүүг минь хамгийн их зодсон М-ийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Энэ бол хэргээс М-ийг авч үлдэх гэсэн башир арга” гэв.