Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэхүндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр Хурлын дарга Р.Давгад өргөн барилаа.
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд амьдрах орчны аюулгүй байдлыг сайжруулж, эрүүл мэнд тусламж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад онцлон анхаарч, тусгасан талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэв. Тодруулбал, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулахаар хууль сахиулах байгууллагын бааз суурийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбар, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа болон хот тохижилтын ажлыг сайжруулахад түлхүү анхаарч 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг боловсруулжээ. Түүнчлэн үндсэн чиглэлд хот төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн цөөнгүй ажил, арга хэмжээ тусгажээ. Үүнд газар зохион байгуулалтыг сайжруулж, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх болон дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажлууд хийх юм.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан онцлох ажил нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан явдал гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мөн онцолсон. Тэрбээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа нийтийн ахуйн ажил, үйлчилгээг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн төсвийн ачааллыг бууруулж, орлогыг зөв зүйлд зарцуулахад анхаарлаа. Мөн хотын эрх зүйн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 2020 онд хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь нийслэлийн 2030, цаашлаад 2040 оны хөгжлийн суурь болох ёстой учраас бүхий л асуудалд анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хот нийтийн аж ахуйг сайжруулж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ирэх оны үндсэн чиглэл боловсруулсаныг сайшаагаад, зарим зүйлд анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын ажлын үр ашгийг ярих цаг болсон. Мөн урсгал зардлын үр өгөөжийг ч ярих нь зүйтэй. Хотын нийт төсвийн 70 орчим хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Тиймээс анхаарах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах санаачилга, эхлүүлж буй ажил цаг олжээ гэдгийг хэлмээр байна. Бид хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хотоо хөгжүүлэх ёстой” гэлээ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ сард нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ