Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БНСУ-ын Чүнь Чон хотын орлогч дарга Ким Ман Ги 2020 онд Чүнь Чон хотод зохион байгуулагдах “Залуучууд солилцооны хөтөлбөр”-т Улаанбаатар хотын залуучуудыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тавьсан саналыг талархалтайгаар хүлээн авч “Монгол Улс, БНСУ өнгөрсөн хугацаанд олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Манай улс “Сөүлийн өдрүүд” арга хэмжээг жил бүр зохион байгуулж байна. Сөүл хотын боловсролын газартай ч мөн нягт уялдаа холбоотой ажилладаг. Өнөөдрийн уулзалтын үр дүнд манай хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд талууд ирэх онд хэрэгжүүлэх “Залуучууд солилцооны хөтөлбөр”-т хамтарч ажиллахаар санал солилцсон юм.