УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг дөнгөж сая дууслаа. Урьдчилан хэлэлцүүлгээс яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх аравдугаар сарын 3-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон байна.
Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг болж байна
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.27/ Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлж хаалттай үргэлжилж байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.