“Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөр 495,000 байсныг 995,000 төгрөг болгож нэмэгдүүлснийг эсэргүүцэн түрээслэгчид нь жагсаал зохион байгуулж байсан. Өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийн холбоо холбогдох байгууллагуудад хүсэлт илгээх болсон тухайгаа мэдэгдэв.

Түрээслэгчид: Аливаа гэрээ нь хоёр талын харилцан ашигтай байдлыг тусгадаг заалттай байдаг бол “Дүнжингарав” худалдааны төвийн хийсэн гэрээ нь чи орохгүй бол арын хүн чинь орно гэсэн маягтай боолын гэрээ юм.

Дуртай үедээ хавсралт оруулж, заалт нэмдэг гэрээ гэж байдаггүй юм. Худалдааны төвийн түрээсийг ингэж тодорхойгүй үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байгаа нь ганц түрээслэгч нарыг бус худалдан авагч нарыг давхар хохироож байгаа хэрэг. Хүүхдэдээ 200,000 төгрөгөөр куртик авдаг байсан бол 400,000-аар авах хэрэг үү. Түрээслэгч нар ингэж ард түмний мөнгийг хүүлж чадахгүй.

Бид өмнө нь дөнгөж түрээсээ төлөөд хоолны мөнгөө олоод таардаг байсан бол 995,000 төгрөгийн түрээс төлчихөөр бид юугаар амьдрах юм гэж байна.

Мөн тэд түрээслэгчдэд 2019.09.17-ны өдөр 2019.08.25 гэсэн огноотой мэдэгдэл гар дээр ирсэн. Агуулга нь лангууны түрээсийг 995,000 болгосон ба зөвшөөрч байгаа түрээслэгчид лангууныхаа гэрээг сунгуулах хүсэлтээ ирүүлж, гэрээгээ шинэчилнэ үү гэсэн байсан.

Үндсэн гэрээнд заасны дагуу бол ийм асуудлыг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл бидэнд давчуу хугацаа өгсөн. Дараагаар нь 2019.09.20-ны өдөр түрээслэгч нарт мэдэгдэх хуудас дахин ирүүлэхдээ “2019.09.28-ны дотор хүсэлтээ гаргаж түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд 6 м.кв лангууны түрээсийн төлбөрийг 990,000 төгрөгөөр тогтооно. Харин 2019.09.29-10.05-ны дотор байгуулсан тохиолдолд 1,200,000 төгрөг, энэ хугацаанаас хойшилбол 1,500,000 төгрөгөөр тогтооно” гэж оруулсан.

Харин хананы түрээслэгч нарт “2019.09.28-ны дотор хүсэлтээ гаргавал 1,200,000 төгрөгөөр, 2019.09.29-10.05-ны дотор хүсэлтээ гаргавал 1,400,000 төгрөг, энэхүү хугацаанаас хойш 6м.кв лангууны түрээсийн төлбөр нь 1,700,000 төгрөг байна” гэж ирүүлсэн.

Үүгээр зогсохгүй түрээсийн гэрээгээ ойрын хугацаанд байгуулахгүй бол гуравдахь түрээслэгчээс түрээслэх санал ирсэн гэсэн. Ингэж шахах замаар гэрээг сунгуулах нь байж болохгүй зүйл юм. Төр үндсэн үүргээ биелүүлж иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг хүсэж байна. Бид холбогдох газруудад шийдэж өгөх хүсэлт илгээх тул хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн