НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Дориан” хар салхи асар их хэмжээний хохирол учруулсантай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дорвитой арга хэмжээг авж хэрэгжүүлэхийг олон улсад уриалжээ.
Есдүгээр сарын эхээр Бахамын арлуудад “Дориан” хар салхи дэгдсэний улмаас 50 хүн амиа алдаж, 10 мянга гаруй байшин барилга сүйдсэний зэрэгцээ одоог хүртэл олон хүн сураггүй хэвээр байна. Цаашид амиа алдагсдын тоо “огцом” нэмэгдэж болзошгүй гэж Бахамын хамтын нөхөрлөлийн улсын Ерөнхий сайд Хюберт Миннис лхагва гарагт мэдээлжээ.
“Хар салхи бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн “тод жишээ” юм” гэж А.Гутерреш хэлээд, үүнтэй тэмцэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг олон улсад уриалсан байна. Мөн тэрбээр уур амьсгал урьдчилан таамагласнаас хурдацтай өөрчлөгдөж буйг онцолжээ.