Улаанбаатар хотын хэмжээнд Энхтайваны гүүрний, Баян Монгол хорооллын, Соёолжийн гэсэн автомашин зорчих зориулалттай, гурван нүхэн гарц байдаг.
Гэвч их хэмжээний борооны дараа нүхэн гарцуудад ус тогтож, явган зорчигч байтугай, автомашин зорчих боломжгүй болдог. Хөрсөнд усаа шингээх байдлаар ус зайлуулах асуудлыг шийдсэн, анхнаасаа нүхэн гарцыг “оромдон” барьсантай холбоотой. Ийм байдлаар явсаар байвал нэгээс хоёр жилийн дараа хөрсний ус ханаж, гадаргууд ус тогтох юм.
Иргэд ч энэ тухай олон удаа хүсэлт гомдол ирүүлж байжээ. 2017 оны гуравдугаар сарын 24-нд Баянмонгол хорооллын СӨХ энэ тухай албан бичгийг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт явуулсан байна.
Иргэд, СӨХ-ны хүсэлтэд тулгуурлаж гаргасан Нийслэлийн Засаг Даргын захирамжаар 2018 онд Энхтайваны гүүрний зүүн доод нүхэн гарцыг Геодези, Усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ засчээ. Харин энэ жил Соёолж, Баян Монгол хорооллын хойд талын нүхэн гарцыг ус зайлуулах хоолойтой болгохоор төлөвлөжээ.
Гэвч Баянмонгол хорооллын СӨХ,ГУББГ-ын хооронд үл ойлголцол үүсэж, ажил саатжээ. Уг нь нүхэн гарцад ус тогтохоо больчихвол энэ гарцаар зорчдог олон жолооч, иргэдэд хэрэгтэй.
Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхантай уулзаж ярилцлаа.
-Нүхэн гарц орчим ус их тогтлоо гэсэн гомдол Нийслэлийн Захирагчийн албанд ирдэг. Бид Замын сангийн хөрөнгөөр, батлагдсан зураг төслийн дагуу угсралт, нөхөн сэргээлтийг хийдэг. Ус хөрсөндөө шингэхээ больсон, шугам хоолой нь хэт хуучирсан гэх мэт шалтгаанаар их хэмжээний ус нэг дор тогтдог газуудад манай байгууллага захиалагчийн хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлдэг.
Нүхэн гарцад насос, ус зайлуулах шугам тавихад 100 орчим сая төгрөг зарцуулдаг.
Энэ оны зургадугаар сарын 21-нд Нийслэлийн засаг даргын захирамж гарсны дагуу Баянмонгол хорооллын нүхэн гарцад ус зайлуулах хоолой барих ажлыг хийх эрх шилжиж ирсэн. Зураг төслийн дагуу бид ажлаа хийсэн. Мэргэжлийн байгууллагын шалгалтаар орсон зураг төсөл дээр угсралт хийсэн гэсэн үг.
Шугам хоолойн угсралт, насос станцын барилгын ажил 95 хувьтай болсон.
Гэвч Баянмонгол хорооллын гомдлын дагуу ажил зогсжээ. Учир нь тус хороололд цахилгаан хуваарилах станц буюу хоёр шийт байдаг. Насос ажиллуулах цахилгааныг тус хорооллоос авахаар зураг төсөл батлагдсан юм байна.
ГУББГ-аас энэ ажлын талаар Баянмонгол хорооллын СӨХ-ны дарга А.Туяад сар гаруйн өмнөөс мэдэгджээ. Ингээд газар шороо, ухлагийн ажил эхэлсэн. Ажил дуусах дөхөж цахилгааны ажил үлдэхэд тус СӨХ Оршин суугчдын хүсэлтээр Баянмонгол хорооллын ХТП-2350 станцаас цахилгаанаар хангах боломжгүй гэж мэдэгджээ.
Нүхэн гарцууд газрын түвшнээс доош байрлалтай тул насос буюу шахуурга зайлшгүй ажиллуулах шарадлагатай. Үүний тулд цахилгаантай байх шаардлаэх үүсвэр хэрэгтэй.
Уг нь ус зайлуулах хоолойн зураг төслийг УБТЗ, УБЦТС, Зам тээврийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газрын зөвшилцлийн үр дүнд, гарын үсэг зурж баталгаажуулсан аж.
Мөн Баянмонгол хорооллын явган хүний замыг ухсаны дараа нөхөн сэргээлтийн ажлын төсөв тусгагдсан тул явган хүний зам талбайг өмнөх шигээр нь тохижуулна гэдгээ гүйцэтгэгч тал тайлбарласан юм.
Баянмонгол хорооллын СӨХ-ны дарга А.Туяа:
-ГУББГ-ын нөхөн сэргээлт шаардлага хангахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Манайд цахилгаан авах хүсэлтээ энэ сарын 9-нд өгсөн. Энэ ажил наймдугаар сарын 2-нд эхэлсэн. Энэ үед цахилггщааны тухай огт дурдаагүй. Чанартай сайн нөхөн сэргээлт хийнэ гэж байгаа ч бид нөхөн сэргээлтэд хэдэн төгрөг төсөвлөсөнтэй танилцаж хариу өгнө. Бид энэ хүсэлтээ Нийслэлийн захирагчийн албанд гаргасан. Урд нь энэ байгууллагын хийсэн ажил дутуу байсан. Тиймээс бид баталгаа шаардана. Энэ хүсэлтийг зөвшөөрвөл оршин суугчдад хэлж, удирдах зөвлөлийн хурлаар шийднэ. Манай хорооллоос цахилгаан татахдаа хотхоны ногоон байгууламж, усан оргилуур, тохижуулсан талбай зэргийг сэтлэх гээд байгаа юм. Нөхөн сэргээлт хийнэ гэсэн ч тэр нь щжилийн дараа л үгүй болчихно. Ойролцоо орших Эмирал, Саруул хотхоноос цахилгаан татах боломжтой.
Төгсгөлд нь хэлэхэд нүхэн гарцад насос, ус зайлуулах шугам тавихад 100 орчим сая төгрөг зарцуулдаг. Талууд шийдэлд хүрвэл тав хоногт үлдсэн ажлаа дуусгана гэж ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан онцолсон юм. Ингэснээр нийслэлчүүд Баянмонгол хорооллын нүхэн гарцаар борооны дараа ч айлтгүй зорчих боломжтой.
Эх сурвалж: gogo.mn