УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо улс төрийн намуудын асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улстөржилт хэрээс хэтэрсэн. Монголын өнөөгийн ёс суртахууны доройтол, талцал хуваагдал намын хатуу гишүүнчлэлээс болсон. Монгол Улс сонгуулийн насны хоёр сая хүн амтай. Эдгээрийн 500-600 мянга нь улс төрийн аль нэг намын гишүүнчлэлтэй. Дөрвөн хүний нэг нь улс төрийн намын хатуу харьяалалтай болчихсон.
Энэ бүх алдааг бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой. Гэтэл энэ өөрчлөлтөөр дахин шинэ улс төрийн нам байгуулахад сонгуулийн насны сонгогчдын нэг хувь буюу 20 мянган хүний саналаар гэсэн босго тавих гэж байна. Энэ нь дахиад улс төрийн хатуу гишүүнчлэлээр ард иргэдээ талцуулах сөрөг үр дагавар үүсгэчих вий гэсэн бодол байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуульд намын тухай заалтууд орж байгааг дэмжиж байна. Гэхдээ улс төрийн нам нь иргэдийн улстөрийн үзэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байсныг ажлын хэсэг “Улс төрийн нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж жаахан өөрчилсөн юм байна.
Үүнийг би Үндсэн хуульд заавал байх ёстой заалт гэж үзэхгүй байна. Улс төрийн нам яагаад заавал улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой юм. Онолын болон практикийн хувьд орон нутгийг хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам ч байж болно.
Дэлхийн практикт улс төрийн намууд хоёр янзаар байгуулагддаг. Нэг нь анх байгуулагдахдаа парламентын сонгуульд оролцоно, нөгөө нь зөвхөн орон нутгийн сонгуульд оролцоно гэж байгуулагддаг. Тэгэхээр Үндсэн хуулиар заавал ийм хатуу босго тогтоож яах юм бэ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Иргэдийн дургүйцлийг хамгийн их хүргэдэг асуудал бол улс төрийн намын санхүүжилт. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, боловсон хүчний асуудлыг ил болгох хэрэгтэй.
Хэдэн иргэний санал авснаар нь төсвөөс санхүүжүүлдэг сайн жишиг байна. Санхүүжилт далд байсаар байвал авлигаас салж чадахгүй. Санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулж, сонгогчдоос авсан саналаар нь улсаас санхүүжүүлдэг болбол эрүүл тогтолцоотой болно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нам бол ашгийн бус байгууллага. Хүмүүсийн сэтгэлийн хандив, төрийн дэмжлэгээр санхүүждэг. Одоо бодлогын болон салбарын намыг ялгах хэрэгтэй. Одоогийн 34 намд карманы, компанийн нам байгааг үгүйсгэхгүй гэлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нам байгуулах босгыг 20 мянгаас дээш гишүүнтэй байхаар тусгасан байлаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж, заалт оруулсан. Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн.