Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Тус хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болгосон төдийгүй, “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэх юм байна. Шинэ цомогт нь багтсан шинэ дууны нэг нь “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулсан дуу нь аж. Мөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Шүлэгч” шүлгэнд “Харанга” хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу зохиосон
“…Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй
Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан
Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч
Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй…” гэсэн дуу нь бэлэн болсныг тус хамтлагийнхан ойн тоглолтынхоо тухай мэдээлэхдээ дуулгалаа.