“Таванбогд” группын харьяа KFC сүлжээ хоолны газарт гадаад дотоодын оюутнууд хоол идээд хордчихлоо” гэх мэдээлэл цахим орчинд тарав. Тодруулбал Batlai Chuluunhuu гэх хаяг бүхий твиттерч ийм мэдээлэл бичсэн байв.
Бид дээрх мэдээллийг нягтлахаар ХӨСҮТ-тэй холбогдсон ч одоогоор тийм хордлогод орсон гэсэн хүмүүс хандаагүй гэх мэдээлэл өгч байна. Таванбогд группын зүгээс ч дээрх мэдээллийг үгүйсгэж, манай Хоумплаза салбарт тийм асуудал үүсээгүй хэмээсэн юм.
Тиймээс бид твиттерт жиргэсэн Batlai Chuluunhuu гэж хүнтэй холбогдож тодрууллаа. Б.Чулуунхүү гэж энэ хүн Монгол Улсаас Австрали улсад суух элчин сайдаар ажилладаг бөгөөд Монголдоо ирчихээд байгаа аж.
Тэрбээр “Өчигдөр хэдэн оюутнууд KFC-д хоол идсэн. Тэгээд гэдэс нь эвгүйрсэн учраас идсэн хоолноос болсон гэж бодоод твиттертээ биччихсэн юм. Гэтэл хоолны хордлого биш наршилтаас болсон байсан байна. Тийм учраас би бичсэн жиргээгээ устгасан” гэх хариулт өглөө. Ямартаа ч элчин сайдын алба хашдаг хариуцлага өндөртэй байх ёстой энэ эрхэм твиттертээ нотлогдоогүй мэдээлэл оруулснаас болж KFC хоолны сүлжээ дэлгүүр сошиал орчинд дахин “нүдүүлж” эхлээд байна.