Францын нийслэл Парис хотын нэрийн хуудас болсон, дэлхийн шашин түүхийн үнэт дурсгалуудын нэг Нотр Дам сүм өнгөрсөн дөрөвдүгээр сард галд автаж, сүмийн орой хэсэг тэр чигтээ шатсан билээ.
Нотр-Дам буюу Парисын дарь эхийн сүмийн сэргээн засварлах ажлыг Баасан гаригаас /2019.08.09/ түр зогсоожээ.
Шалтгаан нь сүмийн ойр орчимд хар тугалганы түвшин нэмэгдэж байгаатай холбоотой бөгөөд энэ нь тэнд ажиллаж буй ажилчид төдийгүй ойролцоох хорооллын оршин суугчдын эрүүл мэндэд хортой тул яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хар тугалганы хэмжээ аюултай түвшнээс хэд дахин илүү байгаа аж.
Ийнхүү сүмийг сэргээн засварлах ажлыг долоо хоногоор хойшлуулан, ариутгалын ажил хийгдсэний дараа энэ сарын 19-ний өдрөөс засварын ажил хэвийн явагдах юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон түймрийн улмаас сүмийн дээвэр нурж, орчин тойронд олон тонн хайлсан металл унасан учир сүмийн эргэн тойрны нэг километр газар дахь агаарт хар тугалга ингэж ихээр агуулагдах болжээ.
Стандартын дагуу нэг метр квадрат талбай дахь хар тугалганы хэмжээ 70 микрограммаас илүү бол хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Харин Норт Дам сүмээс 500 метрийн зайд байрлах зарим сургууль, цэцэрлэгт хүрээлэнгүүд тоглоомын талбай, айлуудын цонхны тавцан зэргээс авсан дээжээс 1000 гаруй микрограмм хар тугалга илэрсэн байна.
Эх сурвалж: NYPOST