Саяхны нэгэн өдөр манай УИХ-ын гишүүн гэх нэгэн эрхмийн хэлсэн үг олны хачирхал, харамслыг төрүүлэв. Түүний хэлж буйгаар бол офшор дансыг хорьсон хууль баталбал гадаадад сурч, ажилладаг монголчууд гадаадад данстай байх эрхгүй болж хэцүүдэх аж.
Хачирхалтай санагдсан учир нь эрхэм гишүүний офшор болоод гадаад дансны талаарх ойлголт нэн бүрхэг, харалган байгаа явдал юм. Үнэндээ бол феодлын хөрөнгийг хураах, хууль бусаар хувьд очсон хөрөнгийг буцаах гэсэн хоёр өөр ойлголтыг адилтгах гэсэн тэнэгдүүхэн бүтэлгүй оролдлоготой агаар нэг мэт.
Гэхдээ мань хүн офшор данс болоод гадаад дансны ялгааг сайтар мэдэж байх авч бүлэглэлийн эрх ашгийн үүднээс олон нийтэд зориудаар төөрөгдөл үүсгэх гэж ингэж ярьсан байж ч болно. Харамсалтай санагдсан учир нь ийм л хүмүүс төрд гарч, ингэж ард түмнээ доромжилж, ингэтлээ офшорчдын төлөө зүтгэх гэж дээ гэсэн бодол юм.
Офшор данс нь ердөө л хууль бус орлогыг нуудаг нууц нүх. Тэр нүхэнд орсон хөрөнгө эзэндээ буцаж очиж ч болно, очихгүй ч байж болно. Харин гадаад данс бол нууц биш, нууцлах шаардлагагүй жирийн данс. Ердөө ч төөрөгдөөд байх ойлголт биш. Офшор данс нь хэн нэгэн хүний нэр дээр, эсвэл компанийн нэр дээр банкны данс хэлбэрээр байж болно, мөн янз бүрийн хөрөнгө оруулалтын сан, даатгалын сангуудын хувьцаа, буяны байгууллагын эх үүсвэр гэх мэт санхүүгийн янз бүрийн хэрэгсэл хэлбэрээр оршиж болно.
Гэхдээ бүгд ялгаагүй офшор данс юм. Офшор бүс, данс нь татваргүй, данс эзэмшигчийн нууцлалыг сайтар хадгалдаг эрх зүйн орчныг бүрдүүлж өгдгөөрөө алдартай бөгөөд чухам эдгээр шинж нь мөнгө хөрөнгийг татах үндсэн нөхцөлүүд болдог. Өндөр хөгжилтэй улсуудын иргэдийн хувьд офшор дансыг ашиглах зорилго нь ихэнхдээ өөрийн улсын татвараас зугтаах байдаг. Энэ нь өндөр хөгжилтэй улс орнуудад татвар харьцангуй өндрөөр тогтмолжсон байдгаас үүдэлтэй.
Харин хөгжиж буй улсуудын иргэдийн хувьд ихэнхдээ офшорыг хууль бус орлого, орлогын эх үүсвэр нь эргэлзээтэй хөрөнгөө нуух зорилгоор ашигладаг. Офшор данс нь тухайн офшор бүсдээ, мөн мөнгөө авчирч нууж байгаа хувь хүн иргэдэд ашигтай эд, гэхдээ энэ ашиг нь офшор бүсэд мөнгөө авчирч буй иргэдийн улс орнуудын эдийн засгийг хохироох замаар бий болж байгаа ашиг юм. Тиймээс улс орнууд үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд офшорыг хориглож, хууль эрх зүй дэх бүх л нүх сүвийг бөглөн, өмч хөрөнгөө буцаан авч буй хэрэг.
ОФФШОРЫГ ОЛОН УЛСАД ХЭРХЭН ШИЙДЭЖ БАЙНА ВЭ?
Офшорын асуудал олон улсын төвшинд яригдсаар ирсэн. Гэвч энэ талаар дорвитой арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн нь 2009 он байдаг бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ энэ талаар санаачилга гаргаагүй бол энэ асуудал өнөөдрийнх шиг ингэтлээ газар авахгүй байсан биз ээ.
2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал нь АНУ-д ихээхэн хүнд туссан бөгөөд хямралын нэг шалтгаан мөн хямралаас гарах нэгэн гарц нь офшор данс гэж тэд үзсэн юм. Америкийн Засгийн газар офшортой тэмцэх, Америкийн хууль эрх зүйн орчноос гадна нуугдсан Америкийн баялгийг авчрах үүднээс 2009,2012, 2014 онуудад иргэддээ зориулсан “өршөөлийн хууль” батлан хэрэгжүүлж ихээхэн хэмжээний хөрөнгийг эх орондоо эргүүлэн татаж эдийн засгийн хямралаа даван туулсан юм.
АНУ-ын татварын албаны мэдээлж буйгаар 2009 онд 30,000, 2012-2014 онуудад 65,000 нийт 95,000 орчим америкчууд энэхүү өршөөлийн хуульд хамрагдаж жилд дунджаар 2.5-3 тэрбум ам.долларын татварын орлогыг улсдаа оруулж ирсэн аж.
Өршөөлийн хуулийг ашиглаагүй, сүүлд офшор данс нь илэрсэн иргэд их хохирсон байдаг. Тухайлбал, Флорида мужийн нэгэн иргэн Швейцарын банкин дахь хадгаламжийнхаа дүнгийн 150 хувьтай тэнцэх торгууль төлсөн тохиолдол юм.
АНУ-ын Засгийн газраас офшор банкны гол төлөөллүүд болсон Швейцарын банкуудтай шүүхдэлцэж тус банкуудыг Америкийн татвараас зугтагсадтай хуйвалдаж, Америкийн өмч хөрөнгийг завшсан хэрэгт буруутайг тогтоолгон торгууль ногдуулж, 2009 онд Швейцарын Swiss UBS банкнаас 780 сая ам.доллар, 2014 онд мөн Швейцарын Credit Suisse AG банкнаас 2.6 тэрбум ам.долларыг хохирлын нөхөн төлбөрт авсан юм.
Их Британи улс мөн офшорт асар их хөрөнгөө алдаад буйгаа хүлээн зөвшөөрч тус улсын Засгийн газраас Панам, Виржин арлууд, Бахам зэрэг офшор бүсэд хандан өөрийн улсын иргэдийн нэр дээр бүртгэлтэй өмч хөрөнгийг буцаан татуулах арга хэмжээг авч эхэлсний дүнд 2012 онд 795, 2014 онд 1,258 офшортнуудын хөрөнгийг ил болгон нийт 40 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, найман тэрбум ам.долларын татварыг нөхөн авч улсынхаа санд нэмэрлэсэн байна.
Эдгээр улсуудад офшорын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд орлогыг татвараас зугтаалгасан асуудлыг л хөндөж буй бөгөөд хууль бус орлого, эх үүсвэр нь эргэлзээ дагуулсан хөрөнгийн асуудал тусдаа, эрүүгийн хуулиар шийдэгддэг гэдгийг дурдах хэрэгтэй байх.
Олон улсад өрнөж буй офшорын эсрэг тэмцлийг өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлж чадсан улсууд нь манай хоёр хөрш юм. ОХУ-ын хувьд ерөнхийлөгч Путин 2013 онд “Федеральный закон ФЗ-79” буюу төрийн албан хаагч, хууль батлагчид, улсын компанийн менежерүүд, шүүгчид, тэдгээрийн эхнэр, насанд хүрээгүй хүүхдүүдийг гадаадад данстай байх, санхүүгийн ямар нэгэн хэрэгсэл эзэмших, офшор бүртгэлтэй компанитай байхыг хориглосон хуулийг баталж хэрэгжүүлсэн нь хамгийн үр дүнгээ өгсөн гэж үзэж болно.
Тус хуулийн хүрээнд Чубайс, Шувалов зэрэг олны танил улстөрчид, мөн Холбооны Зөвлөл буюу парламентын дээд танхимын Оросын тэргүүн баячуудын нэг Николай Ошанский тэргүүтэй 166 гишүүн, Дум буюу доод танхимын 15 гишүүн гадаад дахь хөрөнгөө эргүүлэн авчирсан байдаг. Авлигатай хийх тэмцлийг топ оргилоос нь эхлүүлсэн Путины арга хамгийн үр дүнтэй байгаа төдийгүй топ офшорчдыг илрүүлэхэд ч мөн хамгийн их ач холбогдолтой байсан юм.
Хятадын Засгийн газар нийгмийн хөрөнгийг завшиж, зувчуулсан гадагш зугтсан этгээдүүдийг Хятадын хуулийн дор авчрах “Үнэгний ан” ажиллагааг явуулсны дүнд зөвхөн 2015 онд эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 840 этгээдийг гадаадын 59 улсаас баривчлан авчирч гадаад улсад болоод, офшор дансанд нуусан хөрөнгийг нь хураан авсан байна.
Баривчлагдан ирсэн этгээдүүдийн ихэнх нь 10 сая юань буюу 1.6 сая ам.доллараас их хөрөнгийг зувчуулсан гэснээс үзэхэд хэр их хэмжээний хөрөнгө Хятадын хууль, эрх зүйн бүсээс гадна нуугдаж байсныг, мөн буцаан авчирсныг барагцаалан тооцсон төсөөлөл гаргаж болно.
Бусад улсууд офшортой эрчимтэй тэмцэж, орой дээрээс нь эхлэн нурааж байна. Гэтэл Монголын эрх баригчид тэмцэх нь байтугай зарим хууль батлагчид нь мэдэн будилж, үл ойлгосон дүр үзүүлж, зарим нь бүр офшорчдыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хууль батлуулах гээд зүтгүүлээд байгааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ Монгол Улс өөрөө татварын диваажин юм.
Хадгаламжид дэлхийд хаа ч байхгүй өндөр буюу 15 хувийн хүү төлдөг, хүүгийн орлогод татвар ногдуулдаггүй гээд офшороос ч илүү нөхцөлийг бүрдүүлж өгөөд байхад манай улстөрчид яагаад мөнгөө аваад офшор луу зугтаагаад байна вэ. Бүр эдийн засгийн амин судсыг атгадаг ерөнхий сайд, сангийн сайд байсан хүмүүс нь офшорчдын дунд явна гэж бодохоор туйлын харамсалтай. Монгол Улс мөнгө, валютын гачаалд ороод байхад тэд валютыг гадагш зөөж эдийн засгаа хямраах ажлыг оройлж яваа бус уу.
ОФФШОРТНУУДТАЙ ТЭМЦЭХ АРД ТҮМНИЙ ОНЦ ЗӨВЛӨЛ
Төр засаг нь офшорчдыг хаацайлж байхад ард түмэн тэмцлийн санаачилгыг гартаа авах нь зүйн хэрэг. Өнөөдөр Монгол Улс асар их өрөнд орж дампуурлын ирмэг дээр ирчихээд байна! Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлснээр “Офшор данстнууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан”.
Офшортнууд улсыг маань хямрал, дампууралд хүргэсэн бол офшортнуудаас гарц гаргалгааг бас хайх хэрэгтэй хэмээн ард түмэн үзэж байна. Чухам энэ л дуудлагаар Монголын ардчилсан холбооны анхдагчдын нэг С.Батчулуун, философич, хуульч Ц.Нарангэрэл нарын тэргүүтэй нөхөд Ард Түмний Онц Зөвлөлийг (АТОЗ) байгуулж офшорчдыг шалгуулах, офщорт буй Монголын баялгийг авчрах санаачилгыг эхлүүлээд байгаа юм.
Олон түмэн дэмжиж офшорчид харин ихэд сандарч байгаа аж. Тэд “Нормаал офшор” ч гэх ядмагхан сэтгэлгээтэй, дулимаг найруулгатай, үнэмшил муутай үг хэллэг, бичлэг гарган сурталчлах гэж оролдсон сурагтай. Үнэмшилгүй зүйл явцгүй л дээ. Тиймээ, офшор бол төөрөгдөөд, эндүүрээд байх ойлголт биш, ердөө л хууль бус орлогыг нуун дарагдуулдаг газар юм.
Х.Батсуурь
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
Оффшорочдын мөнгимйг Монголдоо авчирна гэсэн Ерөнхийлөгч Баттулга яасан бэ??? Эрх мэдэл чинь багдаад байна уу?, эрх баригчдаас айгаад байна уу?? Эр хүн чинь хэлсэн үгэндээ эзэн болж идсэн хоолондоо сав болж байвал сайхан шүү дээ???
бичиг үсэгч гэж туждаа алдаа