Туркэд iphone гар утсаа буудаж, шатаах үйлдэл “давалгаалж” эхэллээ

2018-08-18 12:00
turka

Үндэсний валют лир нь хүнд байдалд орсон Турк улсад  Phone-ийг хориглож магадгүй болоод байна. Тус улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган АНУ-ын зүгээс импортын татвараа нэмсний дараа эрх баригч консерватив намынхаа гишүүдэд хандаж үг хэлэхдээ “Тэдэнд iPhone байна. Нөгөө талд нь Samsung байна. Тэгвэл бидэнд Vestel Venuus байгаа. Бид ард түмэнтэйгээ хамт доллар, форексын үнэ, инфляц, бодлогын хүүний эсрэг шийдвэртэй зогсох болно. Бид нэгдэн нягтарч чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадна” хэмээсэн юм. Үүний дараахан иргэдийн дунд iPhone гар утсаа эвдэлж, буудаж, шатаах үйлдэл “давалгаалж” эхэлжээ. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн хоригийг эсэргүүцэж, өөрийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы бодлогыг дэмжиж байгаагаа харуулж байгаа аж.

Нэгэн бичлэгт Туркийн далбааны өмнө зогссон эр Трампаас “Чи өөрийгөө хэн гэж бодсон юм бэ?” гэж асуусны дараа лантуугаар таван ширхэг iPhone утсыг бяц цохиж харуулжээ. Түүний ард гар утаснуудаасаа татгалзсан дөрвөн хүү нь өвдөглөн суусан харагдаж байгаа юм.Тэр бас “Хэрвээ чи биднийг өлсгөнө гэж сүрдүүлбэл бидний зөвхөн инээдийг хүргэх болно” гэж хэлжээ.

Өөр нэг видеонд нэг эрэгтэй  iPhone-оо ойрын зайнаас гар буугаар буудаж байв. Энэ мэтээр шатаах, нүцгэн гараараа цохиж эвдэх зэрэг үйлдлүүдийн дүрс бичлэг тарж эхлээд байна.

АНУ-ын иргэн, шашны номлогч Эндрью Брансоныг Туркийн эрх баригчид 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн шалтгаанаар баривчилж, хориод байгаа нь хоёр орны хооронд эдийн засгийн дайн дэгдээсэн юм.