Гангийн үйлдвэрийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгарууллаа

Олон жил яригдсан ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry Group” компани стратегийн хөрөнгө оруулагчаар сонгогдож, хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдийг хэлэлцэхээр болов.
Дархан-Уул аймгийн Орхон сумаас байгуулагдах тус ган үйлдвэрлэлийн цогцолбор нь 806 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдах бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар урьдчилсан ТЭЗҮ-ийн тооцоогоор жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байр шинээр бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнд 4.9 хувиар нэмэр оруулах, мөн төлбөрийн тэнцлийг 350-400 сая ам.доллараар сайжруулах боломжтой гэж тооцоолсон байна.
Төслийн бас нэг онцлог нь дотооддоо ган бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ одоогийн 700 ам.доллараас 550-600 ам.доллар болж, ойролцоогоор 20 хувиар буурах боломжтой явдал юм. Энэ нь барилгын салбарын өртгийг бууруулах, импортын хараат байдлыг багасгахад чухал нөлөө үзүүлэхээр байна.
Шалгарсан хөрөнгө оруулагч компани 1800 ажлын байр шинээр бий болгох, түүний 70 хувийг монгол иргэдээр бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд цаашлаад 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал гаргасан байна.
Цаашид Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг хэлэлцэх, төслийг дараагийн шатанд шилжүүлэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулах юм. Энэхүү ажлын хэсэг Монгол Улсын үндэсний эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн үр өгөөжийг дээд хэмжээнд хангасан гэрээ байгуулж ажиллана.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсыг төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох бус, дотооддоо боловсруулж, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болгох зорилгыг дэмжих алхам болно.
