Оюутолгойн ашгаас иргэн бүрт 857 мянган төгрөг шилжүүлэх саналыг судлах ажлын хэсэг байгуулав

2026-11-18 08:00
20261118-080018-file.jpeg
УИХ-ын байнгын хороод Оюутолгойн ашгаас иргэн бүрийн хувь дансанд 857,000 төгрөгийг шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Иргэн Х.Оюунбилэгийн санаачилсан нийтийн өргөдлийг хэлэлцэн, хуулийн төсөл боловсруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэгт УИХ-ын есөн гишүүн багтсан байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Оюутолгойн ашгаас иргэн бүрийн хувь дансанд 857,000 төгрөгийг шууд шилжүүлэх” асуудлыг хэлэлцэв.

Иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-нд Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд олгох тухай нийтийн өргөдөл гаргаж, 100,000 гаруй хүний дэмжлэг авчээ.

Тэрбээр өргөдөлдөө “Оюу толгойн ордыг 30 жил ашигласны эцэст Монгол улс 3 их наяд төгрөгийн ашиг олохоор болсон. Улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэнд хуваавал нэг хүнд 857,000 төгрөг ногдоно. Тиймээс иргэн бүрийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачлахаар боловсруулж байна” гэж тэмдэглэсэн байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмжиж, УИХ-ын гишүүд Н.Батсүмбэрэл, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг нарыг ажлын хэсэгт оруулжээ.

Уг ажлын хэсэгт хуулийн төсөл санаачлах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг даалгавар өгч, дараа шатны хэлэлцүүлэгт бэлтгэхээр тогтсон байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих