Ховд аймагт цаснаас болж боогдсон хоёр айлыг авран буулгажээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд их хэмжээний цас орсны улмаас боогдсон хоёр айлыг Онцгой байдлын алба хаагчид амжилттай уулнаас буулган хамгааллаа.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” орчимд энэ сарын 13-наас эхлэн 50-70 см зузаан цас орж, зам даваа хаагдсаны улмаас ууланд өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон байна. Үүний дагуу энэ сарын 15-ны 11:20 цагт Онцгой байдлын газарт дуудлага иржээ.
Ховд аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд болон ар гэрийнхэн хамтран малчин Г (55 настай эрэгтэй), О (55 настай эмэгтэй), Б (31 настай эрэгтэй) нарыг 1400 бог малтай нь энэ сарын 16-ны 10:09 цагт уулнаас амжилттай буулгасан байна.
Мөн малчин Б (34 настай эрэгтэй), Б (32 настай эмэгтэй) болон 16 хоногтой бяцхан хүүхдийг 700 бог малтай нь 12:00 цагт тус тус уулнаас буулгажээ.
