ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” олон улсын шинжээчдийн уулзалт нээгдлээ

2026-11-12 09:00
20261112-090023-file.jpeg
Монгол Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэлж, бүтээлийн агуулга, судалгааны арга зүйг хэлэлцэн, олон улсын түвшинд нүүдэлчдийн түүхийг сурталчлах зорилготойгоор зохион байгуулж байна.

Өнөөдөр ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалтыг нээлээ.

2023 онд Монгол Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулган дээр энэхүү цуврал бүтээлийг туурвих тухай тогтоол батлагдсан бөгөөд 2025 онд Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд байгуулсан хэлэлцээрээр санаачилгыг хэрэгжүүлэх эрх зүйн болон зохион байгуулах үндэс суурь бүрдсэн юм.

Нүүдэлчдийн соёл иргэншлийн түүх нь хүн төрөлхтний хамтын өв бөгөөд дэлхийн түүхийн салшгүй хэсэг юм. Нүүдэлчид өргөн уудам газар нутгийг холбож, мэдлэг, үзэл санаа, технологи, соёлын солилцоог тив дамнуулан түгээхэд хувь нэмэр оруулсан билээ. Энэхүү түүхэн үүрэг, хувь нэмрийг дэлхийн түүхийн судалгаа, бичлэгт зохих байр сууринд нь хүргэх нь уг цуврал бүтээлийн гол зорилго юм.

Монгол Улс хувьд үндэсний түүх, соёлын өвөө олон улсын түвшинд сурталчлан таниулахын зэрэгцээ хүн төрөлхтний нийтлэг түүхийг бүрэн, олон талт, тэнцвэртэй ойлгоход бодит хувь нэмэр оруулж байна.

Уулзалтын үеэр цуврал бүтээлийн үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга, судалгааны арга зүйн асуудлыг хэлэлцэх бөгөөд эхний боть болох “Төв болон Дотоод Ази” хамаарах агуулгын талаар 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцож, мэргэжлийн зөвлөмжөө нэгтгэнэ.

Энэхүү бүтээлийн үнэ цэнийг эрдэм шинжилгээний өндөр чанар, олон талт үзэл баримтлал, олон улсын хамтын ажиллагааны үр дүн тодорхойлно.

Уулзалт нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буй нь онцгой утга учиртай юм.

Өвөг дээдсийн түүх, соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан олон улсын түвшинд үнэн зөвөөр таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь эрхэм үүрэг билээ.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлж буй “Монгол түүх судлалыг дэмжих тухай” бодлоготой нягт уялдаатай байна.

Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО болон олон улсын эрдэм шинжилгээний хамтын нийгэмлэгтэй хамтран уг цуврал бүтээлийг эрдэм шинжилгээний өндөр түвшинд, дэлхийн уншигчдад хүртээмжтэй, урт хугацааны үнэ цэнтэй бүтээл болгохыг зорьж байна.

ЮНЕСКО, түүний гишүүн орнууд, олон улсын эрдэмтэн судлаачид, Монголын Үндэсний ЮНЕСКО-гийн Комисс, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих