Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан Чингис хааны өвийг дээдлэх тогтоол батлав

УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхтэй холбогдох үйл явдал, түүх, соёлын дурсгалт газруудыг шинээр тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжиж, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх тухай тусгасан байна.
Мөн Их эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, түүх, археологи, угсаатны зүйн судалгааг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улсад хадгалагдаж буй эх сурвалжуудыг олж тогтоон хуулбарыг татаж авч, түүхийн сан хөмрөгт бүртгэж шинжлэх ухааны судалгаанд ашиглах арга хэмжээг Засгийн газарт даалгасан байна.
Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулж, энэ хөрөнгөөр түүх, соёлыг сурталчлах ажлыг санхүүжүүлэх болон төрт ёсны өв, үүсэл хөгжилтэй холбоотой ном, түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, кино урлаг, соёлын арга хэмжээнд оролцсон орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг УИХ-д өгөн, Засгийн газарт даалгасан байна.
Түүнчлэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоон” болон Их Монгол Улсын бэлгэдэлтэй холбоотой зүйлсийг ашиглах журам батлах, мөн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулж, парламентад өргөн мэдүүлэхээр мэдэгдсэн байна.
